Monday, April 8, 2013

Маш сайхан амралт

Хагас сайн өдөр 1-р ангиудын эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болов. 12 ангийн 12 баг оролцсон. Дундаасаа багаа гаргаад хальт бэлтгэл хийгээд орсон. Тоглож чаддаггүй мань хэд нь балиашиглахыг үзүүлж өгөв. Аль тэртээ 15, 16 жилийн өмнө арван жилдээ сургуулийнхаа зааланд ангиа ингэж дэмжээд л, охид хөвгүүдтэйгээ нийлээд арзганалддаг байсан цаг үе сэдрээд маш сайхан байв. Нөхөр минь "ангиасаа" тэмцээнд орж гол тоглогчдын нэг байсан болохоор бахархахын дээдээр бахархав. Манайх гэхдээ 3-т орсоон.

Манай энэ саяын ангид тэмцээнд орсон багт ганц нэг ах хүн байсан. Тэрнээс биш тэр чигээрээ л бараг бидний үеийнхэн. Гэхдээ тэнд ах эгч гэж ялгарсангүй, хөгжилтэй хөөртэй, инээдтэй ханиадтай сайхан байв. Яг тоглох болонгуут өмд цамцаа тайлаад над руу шидчихдэг нөхөр дээр нэмэгдээд хоёр хүүхэн цамцаа, нэг ах утсаа шидчихээд яваад өгсөн. Би цүнхэндээ өнөөхүүдийг нь эвхэж хийж маллаж энэ тэр.

За тэгээд тоглож байхад нь мань мэтийн үнэнч балиашиг аав ээж нар нийлээд тэр багийн тэр яасан мундагийн, тэр баг хожигдоосой гээд л, айлын баг бөмбөг авах гэнгүүт нь алд алд гэж хажуунаас нь хоролмаатаад, манайх оноо авангуут алгаа ташаад дороо дэвхцээд, ангийнхаа нэрийг дуу нэгтэй аялгуулан хэлж орилоод л, цэвэр усныхаа саванд шороо чулуу хийж байгаад нүдээд л дур зоргоороо зүггүйтэж өгөв. Өдөр хэрийн алдад өлсөөд байхаар нь бидний дөрвөн ээж бусдаасаа захиалга авч хуушууранд явж энэ тэр... Хуушуурдаяа гэж санал нийлсэн нь ч эргэн дурсахуй байж мэдэх байх шүү. (Бүгд хоолонд явбал суудлаа алдах гээд байсын... хэхэ).

Нөхрийнхөө тэмцээнийг энд тэнд бишгүй л үздэг л дээ, гэхдээ ганцаараа болохоор юу гэж ингэж дөвчигнөх үү, ичиж зовдгийн байгаа биз дээ. Үнэн томоотой, ер нь алгаа ч ташихгүй үзнэ ш дээ. Сая харин гэнэн томоогүй сурагч эсвэл оюутан насандаа очсон юм шиг л байв.  Манайх ганцаараа ингэж дөвчигнөөгүй ээ, бүх ангийн ээж аавууд ийм л байсан.

Ангийн багш удирдаад л манайхан оноо алдаад ирэнгүүт завсарлага аваад л тойрч шивэгнэлдэж байгаад л тоглохын. Нилээн гайгүй сэргээд хэд хэдэн оноо авчихын. Тэгсэн харин дараа нь нэг тоглогч ээжийн хэлснээр, сэтгэлийг нь өргөж зоригжуулж эрч хүч нэмсэн гэж байна лээ.
Бүтэн өдрийн турш 12 ангийн ээж аавууд заал дүүрэн байхад тэр дунд нь бяцхан хүүхдүүд 10-ын дотор байсан уу үгүй юу. Үнэхээр үргэлж ажил, ажил гэж явдаг ээж аавууд нэг өдөр цуглаж хүүгийнхээ охиныхоо нэрийн өмнөөс анги гэсэн нэрийн дор нэгдэн, уралдаж, сэтгэл хөдлөлөө дээд цэгт нь хүргэсэн нь хэний янаагүй сайхан амралт болсон нь лавтай.


No comments:

Post a Comment