Friday, November 29, 2013

Шинэ судалгаа руу дайраад орсон

Миний зовхийг авраач гэдэг өдрүүд болж өнгөрлөө. Зовхины тос дуусаад, таарсанг нь олж авах ч бас лайтай ажил юмаа. Авоны тос уг нь таараад байсан чинь манайд орж ирэхээ болиод... Баахан судалгаа хийсний эцэст Ив рошег жаал хэрэглэж үзье үү гэж бодоод нэг юм авах нь авсаан. Шахдаг оо шиг хэлбэрийн савлагаатай жижиг зовхины тос хэдий ч хушуу нь дээрээ тос гарах нүхээ тойроод 3 шааригтай юм байна.

Monday, November 18, 2013

Ээ дээ, энэ миний логик сэтгэлгээ юу

Ээ дээ, энэ миний логик сэтгэлгээ юу. Одоо логик л гэж хэлье дээ. Ямар зөн мэдрэмж гэлтэй биш. Гэхдээ ч бас зөнтэй, өндөр мэдрэмжтэй байх ч гэж боддогийн, заримдаа. Тэгээд аягүй даруухнаар, за юун зөн мэдрэмж, логик сэтгэлгээ л байлгүй гэж өөртөө хэлээд өнгөрдөг юм.

Ойрын үеийн бодлууд

Сэтгэл санаа ер нь цэгцэрсээн.  Аав ээж бас австрали руугаа явчихсан. Олон зүйл бодогдож олон мэдрэмж төрлөө.
1. Амьдрал хэцүү юм даа. Энд миний аав ээж хоёр дүүгийн минь буянд австрали гэдэг орон руу явах гэж хөөрцөглөөд, үр хүүхэд, хамаатан саднууд нь сайн яваарай гэж үдэж, ерөөгөөд л. Өвлийн хүйтэнд +30 хэмтэй газар очоод 2 сар болчихоод ирнэ. Тэгээд яанаа, цагаан сар болоход дөнгөж 14 хоногийн өмнө ирэх нь, ирээд бөөн ажил давхцах нь эн тэр гээд л явлаа.

Saturday, November 2, 2013

Сонин сайхан иймэрхүү

Гурав хоног амарна гэсэн чинь гэнэт хийх юмгүй болчихсон мэт санагдаад нэг л эл хуль оргих чинь. Ингээд нэг өдөр нь унтаад идээд өнгөрөх шив. Энэ байдалдаа амархаан дасаад ажилдаа ороход эвгүй байна байх даа. Гэхдээ хийх юмтай, хэлэх үгтэй байх шиг сайхан юм алга өө.

Saturday, October 26, 2013

Охин заяасанд баярлах хэрэгтэй хүмүүс минь

Нэг охин гаргачихгүй яав аа гэсэн хандлага хөвгүүдтэй хүмүүсээс нас ахисан хойно нь гарах юмаа. Эмэгтэй хүүхэд шал өөр юм, элэг нь ээж аавыгаа гээд шал өөр, харин эрэгтэй улсууд бүдүүн баараг дээр нь эхнэрээ л гэх юм гэх хүмүүс бий. Үнэхээр тийм ч байдаг бололтой. Ажлын маань нэг эгч тэгж байхыг сонслоо.
Нөхрийн маань ээж нэг удаа ээжид тэгж хэлж байсан гэсэн.

Мэдрэлийн ядаргаа

Мэдрэлийн ядаргаа гэж нүдэнд үзэгдэж харагдаад байх юмгүй мөртлөө их ноцтой зүйл байна шүү. Мэдрэлийн өвчин гэдэг чинь, компьютераар бол вирустсэн компьютер боллоо л гэсэн үг, бүдүүлгээр ярихад.

Мэдрэлээ ядраахгүй, амрааж байхын тулд яах вэ гэж би мэдрэлийн эмчээс асуулаа. Телевизор бага үз, компьютер бага ширт, их дуу чимээнээс хол бай гэж гуравхан юм хэлэв. Ингээд би мэдрэлийн ядаргааны талаар юу боддогоо хуваалцая.

Хэрвээ би цэцэрлэг хариуцдаг дарга байсан бол...

Хэрвээ би улсын цэцэрлэгийн дарга юмуу, тэднийг хариуцдаг дарга байсан бол нэг зүйлийг заавал оролдож, бүтээхийн төлөө гүйх байсан. Цэцэрлэгийнхээ хэмжээнд орой 5 цагт авах боломжгүй 3-5 настай хүүхдүүдийг бүртгээд нэг ангиас хэтрүүлэлгүй тоогоор анги бүрдүүлнэ. Оройдоо жижүүрээр 2 багш томилж 7 хүртэл илүү цагаар ажиллуулна. Бас нэг тогооч томилж таарах байх.

Monday, October 14, 2013

Зүүд намайг хүмүүжүүлээд байдаг тухай

Би нэг их зүүдэлдэггүй л дээ. Гэхдээ хаа нэг удаа тов тод өнгөтөөр зүүдэлдэг. Бүр зүрх сэтгэлдээ жинхэнээсээ болсон юм шиг мэдэрч, харамсаж, гэмшиж ирээд л зүүдэлдэг. Хэн нэг хүн намайг миний толгойг эргэтэл загнаад, хэлээд, ойлгуулаад, биеэр амсуулаад хашраагаад, ухааруулаад өгч байгаа юм шиг л зүүд яг тэгдэг. Та нар тэгдэг үү.

Ажилд орсоон

Ажилд ороод 7 хоноогүй л байна. Сайхан манараад л байж байна даа. Гэхдээ манарааны 60% ер нь бол гарчихсаан гарчихсан. Боддог байсан ажилдаа ороод сайхан байнаа. Ингээд завгүй ээж боллоо доо.

Хичээл удахгүй дуусна. Үнэхээр хаягдчих гээд хэцүү байна шүү. Даалгавар дороосоо өндийхөд бэрх л байна. Болно доо болно, зүтгээд байж дээ. 

Thursday, September 26, 2013

Сурах уу байх уу

Юунд ч юм нэг л гонсгор байна. Юунд ч гэж дээ, өчигдөр нилээн урам хугарав. Шантарч байгаа бололтой. Ер нь миний юм сурах нас мөн ч юмуу биш ч юмуу, сурч чадах ч юмуу үгүй ч юмуу. Бүхнийг хаяад ажил олж хийдэг ч юмуу... Мөнгө санхүүгээ бодохоор ажил хийхээс өөр аргагүй. Тэгэхээр зорьсноосоо буцна, мөрөөдөл минь хаягдана. Аягүй бол хэсэг хугацааны дараа мөрөөдөж хүсч явсан юмаа орхисондоо сэтгэлээр унаад, стрестээд ч байх юм болов уу.

Wednesday, September 25, 2013

Байдал өөр тийшээ эргэв

Жаахан хэцүү юм болсоон. Би утсаа авахгүй гүрийгээд л байлаа. Хагас сайнд ч, бүтэн сайнд ч. Хоёр дахь өдөр боллоо. Бас л гүрийлээ. Тэгсэн нэг л совин гялс татаад, охин ч аавтайгаа яримаар байна гэхээр нь яриулдаг юмуу гээд яагаад ч юм залгаад өглөө. Охин ярьж дуусмагцаа "эмээ өвдөөд аав эмнэлэг дээр байна гэнээ, үүдэнд нь хүлээгээд сууж байгаа гэнээ" гэлээ. Тэгээд яах учраа олохгүй хэсэг болов. Өглөө эрт болохоор эмнэлэгээр явж байгаа юм боловуу эсвэл түргэн аваад ирсэн юм болов уу гээд янз бүрийн юм бодлоо.

Monday, September 23, 2013

Далд ухамсар

Ам нээвэл уушиг нээнэ гэгчээр өмнөх бичлэгт далд ухамсарын тухай санаа орж ирснийх нэг мөсөн биччихнээ.
Далд ухамсар хүн бүрт бий. Тархи юуг ч хамаагүй бичиж үлдээж авч байдаг. Эргүүлээд хэзээ нэг цагт гарч ирдэг. Үүнийг бид муу биш сайн юманд ашиглаж болдог. Бид багадаа шилдэг сайн хүүхэд байлаа гэж бодъё. Аав ээж минь ч юмуу багш ч юмуу, хэн нэг хүн чи ёстой мундаг, чи мундаг амьдрах ёстой гэж байнга, үгүйдээ ядаж нэг удаа сэтгэлд хоногштол хэлжээ.

Амар амгалан

Ёохх амьдрал миь бэрхшээл минь... Энд хүчирхийлүүлж буй хүүхэд эмэгтэйчүүд, тэнд нулимстайгаа хутгалдаж байгаа бүсгүйчүүд, энэ хорвоогоор дүүрэн нулимсаа нууж дотроо цөхөрч яваа ээжүүдийн хажууд миний зовлон гэж элгийн юм байна л даа. Гэхдээ зовлон тухайн хүндээ л том юм даа. Бэрхшээл гээд байгаа минь гомдол юм даа одоо... Ном уншихаар гомдохоо боль март өөрийгөө бод, өөртөө хайртай бай гээд л наян зөвлөгөө байх юм.

Tuesday, September 17, 2013

Толгой эргэмээр 49 хүүхэд

Эртээд эцэрлэгийн багшид юм өгөх гээд зогсож байлаа. Тэр өдрийн жижүүр багш тоо авах гээд орж ирэв. Хүүхдүүдээ тоолсон чинь, пээ 49 хүүхэд иржээ. Жижүүр багш, танайх чинь харин өнөөдөр бүрэн бүрэлдхүүнээрээ ирээ юу даа гэж байна. Ангийн багш нь, тийм байхаа, даанч түрүүн юм бичүүлэхгүй шаагиж шуугиад арай дэндүү байсан юмаа гэжийн.

Monday, September 16, 2013

Миний дуунууд

Өчигдөр машинаа зад угаалаа. Мемори картаа оруулж ирж байгаад зунжин сонссон дуунуудаа "эргэж ч харалгүй"-ээр шууд форматлав. Тэгээд миний хувьд бүх цаг үеийнхээ шилдэг дуунуудыг нэтээс хайгаад татав. www.mp3rehab.com гэдэг сайтаас сайхан сайхан дуунууд татаж авав. Цагтаа сонсдог байсан r'n b дуунуудаа татаад өнөөдөр сонсоод үнэн кайф аваад суужийнөө. Би ер нь нэг хамтлаг дуучдаас 1 юмуу 2 л дуунд дуртай. Монгол гадаадгүй адил. Өнөөдөр бас хэдэн монгол хуучны дуу олов.

Monday, September 9, 2013

Хөгширсөн хойноо ийм л болохгүй юм шүү

Сүүлийн үед би хүүхдээсээ л дор орж болохгүй юм байна шүү гэж их бодож байгаа. Эд нар томордог, маниус нь яагаад хоцрогдох ёстой гэж...Юу ч болсон, хэдэн настай ч болсон бай, яаж ч хөгширсөн бай цаанаа под хийсэн ухаантай, арвин туршлагатай болох нь мэдээж. Харин тэрийгээ жинтэйхэн хэлж, түүнийг нь хүүхдүүд нь хүлээж авдаг л байх хэрэгтэй.
Юу юугүй 30 ч хүрээгүй байж, 55-тай ээжийгээ та юугаа мэддэгийн, би мэдэж байна, та ямар зээл төлж байгаа биш, сард хэдийг төлөхийг нь мэдэж яах гээв, танд ямар хамаатай юм, (ганц хоёр үг хэлэхээр нь) ядаргаатай юм чимээгүй болчихооч, үглээд байхын...

Сэтгэл санаа сэгсийсэн үс шиг л байна

Би ганц л юманд аймар цөхөрч, өөртөө итгэх итгэлээ навс унагаж, хязгааргүй гомдож, уур хүрч, шар хөдөлж, бухимдаж, ер нь хамаг юм хөдөлж тэсэрдэг юм. Тэр маань өчигдөрөөс эхлээд өнөөдөр үргэлжилж байна. Хүмүүс их хуурамч юмаа, заримд нь гомдох шиг... Хадам ээждээ аймар гомдлоо, хүү нь тэднийд юм хийж өгнө гэж очоод хийхгүй орой нь найзууд нь дуудаад аваад явчихсан хоноогүй байхад хоносон хоносон өглөө эрт гарсан гэж надад худлаа хэллээ. Ээж хүн ийм буруу юман дээр хуйвалдахгүй, шударга л баймаар санагдлаа. Би юманд их шударга ханддаг хүн л дээ, хүний өөрийн гэж ялгахгүй, шударга байр суурин дээр л зогсоно.

Friday, September 6, 2013

Өөрийгөө муулнаа

Эзэгтэй хүний талаасаа би маш муу эзэгтэй юм. Хичнээн гоё хоол салад хийгээд эд нар иддэггүй болохоор хийдэг ч үгүй. (Гэхдээ томроод иддэг болохоор нь урамтай нь аргагүй хийж магад). Юм оёж ёстой чаддаггүй. Чадахын төлөө ч тэмцдэггүй, товч унах, оймс цоорчихвол өө ядаргаа л гэж боддог. Тэгж тэгж нэг юм тогтоож торгоож өгдөг. Оёод ч найдваргүй болчихсон оймыг шууд хаянаа л гэдэг... Харин хэдэн дэрний уут оёсоон оёсон бас...

Амьдралын хоёр тал

Автобусанд суугаад явж байлаа л даа. Хоёр талтай юм ажиглагдаж, юм бодууллаа.
Нэг. Очиж явахад хүн багатай байсан. Яг түгжрээнд ороод удаахан явахад кондуктор бүсгүй нилээн удаан охинтойгоо ярилаа. Эхлээд багштай нь ярив.
- Яасан дасах шинж байна уу, уйлаад байна аа. ...Харин би түрүү жил 1.. -р цэцэрлэгт ажилладаг байсын, тэгээд надтай хамт яваад, орой хамт ирдэг байсан тэрэн шигээ бодоод байгаа байхгүй юу... За ярия. (Охинтойгоо ярив)

Thursday, August 22, 2013

Хувцаслалтын тухай бодол

Нэг удаа манай найз, солонгосоос ирсэн ёстой гоё жинсэн өмднүүд зарж байна, надаа даанч таарахгүй, чамд гоё таарна гэхээр нь үзье хүрээд ир гэлээ. Ямархуу юм гэсэн чинь гоё гоё өмднүүд. Тэгэхээр нь шулуундуу, доогуураа үл ялиг нарийссан, бага зэрэг дүүжиндүү (за энэ ч яахав, болохгүй бол хасуулчихна) нэг тийм даруухандуу мөртлөө чансаалаг өмд авах гээд бодоод байсан тэрэн шигээ санаад, асуулаа. Шулуун уу? Шулуун. Яг гоё жинсний өнгөтэй юу? Тийм.  За үзлээ. Тэгсэн ямар өмднүүд байсан гэж бодноо.

Saturday, August 3, 2013

Өөртөө дургүй хүрч байна

Өөртөө дургүй хүрч байна. Үнэхээр ганцаардаж байгаадаа дургүй хүрч байна. Яг ганцаардсан үедээ юу ч хийж чадахгүй байгаадаа дургүй хүрч байна. Тэгсэн мөртлөө ганцаардаагүй үедээ энэ талаар хэзээ ч боддоггүй, бодох ч дургүй дээ дургүй хүрч байна. Цөөн хэдэн найз минь яг надтай адилхан шоу цэнгээн хэсээд явдаггүй л дээ. Гэтэл үе үе зад шоудмаар санагдах юмаа бас. Гэвч адилхан стилтэй хүмүүс эргэн тойронд байгаа тул хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр нэг бол би, нэг бол тэд болдоггүй учраас өөртөө дургүй хүрч байна.

Thursday, August 1, 2013

Эхийн сэтгэл аргагүй №1 юм

Эхийн сэтгэл аргагүй №1 юм гээч. Ингэлээ л дээ. Аав ээж хоёр минь нүүдэл хийв. 20 жилийн хур юмыг нүүлгэсэн гээд төсөөл дөө, та нар. Зөвхөн аавын төмрийн хог 1 тонн шахуу болсон гээд л бодчих. (Аавын амь амьдрал ер нь машин тэрэг, төмөр л дөө.) Бид очоод тусаллаа. Түр зуур зарим юмаа хийчихье, амбаар сав чинь сул уу гэтэл ээжийн хамгийн бага эмэгтэй дүү нь зайгүй гээд хавьтуулдаггүй шүү. Тэр ч байтугай нүүсэн 2-3 өдөр ирээд юм өргөдөггүй юмаа гэхэд худлаа үнэн бараагаа ч харуулсангүй. 

Wednesday, July 24, 2013

Туршлагаас үүдсэн зөвлөгөөнүүд-2

1. Хэрвээ бүрэн автомат угаалгын машин авах гэж байгаа бол том л бол сайн гэж ойлгосны хэрэггүй. Танайх насанд хүрсэн хүн голдуу байдаг бол том буюу 6-с дээш кг-тай нь зүгээр. Ам бүл цөөн, бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл бол 5-6 кг байхад боломжийн.

Tuesday, July 23, 2013

Ажилсаг байхад хайр хүндлэлийг татна

Юманд эв дүйтэй, нямбай, амархан сурдаг, ажилтай байрын байвал ер нь хаа ч газардахгүй юм дөө. Урьд нь жаахан байхад ээж аав ингээд л үглэдэг байж. Юм хийгээд сурчихвал хэрэгтэй гээд л өдөр болгон цагийн хуваариар шахуу аяга угаалгаж, гэр цэвэрлүүлдэг байсансан. Одоо ч үнэ цэнээ алдаагүй моодноос гараагүй үг юм байна энэ чинь.

Tuesday, July 16, 2013

Аль үнэт зүйлээ дагах вэ

Үнэт зүйлүүдээ зэрэгцүүлэн авч явахад заавал нэг нь золиослогддог юм шиг гэж "Уруулын будаг" дэгжин шоуны хүүхнүүд ярьж байхыг харлаа. Яг үнэн санагдаад болдоггүй. Би багадаа мэдлэг боловсролоороо хэнийг ч дагуулахгүй, ажил хэрэгч, бас ч үгүй дэгжин эмэгтэй болно гэж боддог, бараг түүнд өөрийгөө бэлтгэж байлаа. Нэг их моод хөөлгүйгээр юу зохих бол гэж бодож ажигласны үр дүнд нэг юм өөрийн төрхтэй боллоо.

Sunday, July 14, 2013

Унаач хүүхдүүд мундаг юм

Хүү минь морь үзээд унаач хүүхдүүдийг тамирчид гээд бодчихжээ. Мундаг тамирчин хүүхдүүд л морь унаж уралдаад байгаа, морийг нь харин хаанаас авдаг, хэний морь юм бол гэж ойлгож. Тамирчдаас дутуугүй хөдөлмөр, ухаан хоёр зэрэг гаргадаг тэр жаахан хөвгүүд үнэхээр мундаг шүү. Хийхийг нь тэд хийж, гавъяаг нь эздүүд томчуул маасайгаад хүртдэг... гэж уншсан өгүүлбэр маань бодогдоод болдоггүй.

Tuesday, July 9, 2013

Миний бахархал

Би ер нь юугаараа бахархдаг юм болоо, бахархах юм ер нь байна уу... Миний хамгийн том бахархал бол туулж өнгөрүүлсэн амьдрал минь юм. Би үхэл хагацал, өвчин зовлон дааж давшгүй гай гамшиг нуруундаа үүрч, түүнийгээ даван туулж амьдраагүй л дээ. Гэхдээ л би нэр цэвэр, үнэнч, зөв, бүтээлч амьдралаараа маш ихээр бахархдаг. Энэ тухай ярихдаа нүд гялалзаад, сэтгэл хангалуун гэгч нь дуртайяа ярина шүү дээ.

Friday, July 5, 2013

Би сурагч үедээ илүү хайртай

Тиймээ бүр хамгаас илүү хайртай. Бүр ангийнхныгаа санаад байдаг юм. Яг тэр ангид "в" гэсэн бүлгийн дор арвын арван жил сурсан. Ийш тийшээ шилжээгүй, анги холилдож сүлэлдээгүй, дээш доош үсрээгүй манай ангийнхан тэр чигээрээ нэгээсээ явсаар байгаад гурван багшийн нүүр дамжиж төгссөн. Яг л 80-аад оныхон шиг, арван жил минь гээд уяртал дуулмаар...

Хаана юу хийж явдаг юм бол доо

Тэрнийг Одбаяр гэдэг байсан. Бага ангидаа тэр бид хоёр гэрийн зүг нэг болохоор байнга хамт явдаг, охин голдуу олон хүүхэдтэй айлын бага байлуу, багын дээдэх байлуу. Жижиг бордуу царайтай, тайрмал үстэй даруухан чимээгүйдүү охин байсан. Тэгээд 4-р ангидаа шилжээд явчихсан.

Wednesday, July 3, 2013

Өөртөө итгэх итгэл минь чи хаана байна...

Таны өөртөө итгэх итгэл байсхийгээд л үлбийж сулбайгаад хэцүү байдаг бол нэг арга зааж өгье. Жижиг гэлтгүй амжилттай санагдсан бүх зүйлээ тэмдэглээд үзээрэй. Нэг дэвтэр гаргасан ч болно. Хаана ч байсан яахав. Эхлээд хүүхэд байхаасаа эхэлсэн олимпиадад амжилт гаргасан, анх ажилд яаж орсон, сургууль шалгалтад тэнцсэн, уралдаан тэмцээнд байр эзэлсэн, ангидаа ямар байсан, ажил дээр гараад яасан ийсэн гээд бүх зүйлээ тэмдэглээд үз. Үнэхээр мундаг байгаа биз. Мундаг биш хүн байдаггүй гэмээр гоё амжилтууд хүн бүрээс гарна.

Tuesday, July 2, 2013

Туршлагаас үүдсэн зөвлөгөөнүүд - 1

Энэ бичлэг ер нь санаанд орох бүртээ үргэлжлээд явах байх.

1. Гал тогооны тавилгаа булан ашиглаж хийлгэлээ гэж бодоход яг булан хэсэгт угаалтуураа байрлуулвал бас төвөгтэй юм байна шүү. Доогуур нь усны хоолой солих, үзэх засахад тэр булан руу эрэгтэй хүн багтаж шингэж ороход хэцүү юм байна лээ.

Monday, June 17, 2013

Сайхан мэдээнүүд... Баярлалаа

Нэг л итгэл төрөх гээд байна шүү. Хэдхэн хоногийн өмнөхийг хүртэл тэдэнд итгэж өгөхгүй байсын. Одоо бол арай хэдэн хувь наашилж байна. Хэнд гээч, энэ төр барьж буй нөхдөд. Улс төржих дургүй учраас ингээд орхие. Харин юунд талархаад баярлаад байгаа зүйлүүдээ бичье.

Friday, June 7, 2013

Адын бодол

Та нарт ямар нэг адын бодол үе үе төрдөг биз дээ. Надад үе үе нэгэн адын бодол  төрж намайг эзэмдэх гээд, ер нь бол дийлчихээд байдаг юм. Цагийн эрхээр өөрчлөгдөөд өнгөрсөн жилээс ийм болоод байгаан. Хэд хоноод л нэг юм дутуу санагдаад, нэг юм хиймээр санагдаад унана. Тэр бол номын дэлгүүр орох. Хорьж болдоггүй хорин хэдэн насандаа бол мөнгөтэй ч байсан мөнгөгүй ч байсан хувцасны дэлгүүрээр их хэсдэг байв.

Thursday, June 6, 2013

"Жаахан" харагддаг өдөр

Эртээд ёстой сайхан залуухан хөөрхөн харагддаг өдөр байв. Жинс өмсөөд намхан чөлөөт гуталтай, дээгүүрээ жирийн подвольк өмсчихсөн, ажил хөөцөлдөх гээд гараад туулаа. Тэгсэн иргэний бүртгэлийн нэг хүүхэн, "миний дүү юу асуух гэсийн" гэнээ. хохохо. Сайхан байв. Тэр аягүй бол надаас дүү л байгаа даа. Барьсан ч алдахгүй. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил "та" гээд дуудчих гээд байгаа хүмүүс бүгд эсрэгээрээ дүү болж таараад байгаамаа.

Monday, June 3, 2013

Миний зурхай

Хүн юм хойно зурхайгаа бас янз бүрээр нь үзнээ. Ордоор нь үзэхэд хамгийн таардаг нь алтан дундаж. Ямар ордыг бараг таачихсан уу.
Тиймээ алтан дундаж гэдгийн. Энэ нь сайн талтай ч заримдаа тулгамдсан үедээ бөөрөнхий ч юмуу, туйлбаргүй ч юмуу байдалд орох гээд байдаг талтай юм шиг байна лээ. Айлын дунд том бага хүүхэд гээд сонжоо байдаг даа.

Новширсон заваарсан ажлууд

Ёстой нэг новширсон заваан юм болох нь дээ. Болох нь гэж аль дээрээс иймэрхүү юм болсоор... 14 орчим хоногийн өмнө татварын шалгалтанд ирж орно уу, бүх баримт сэлтээ авчир гэсэн дуудлага хүлээн авав. Гуйж байгаад хэд хоногийн хугацаа авчихаад юмаа янзалж байгаад тогтсон өдрөө ярьтал татварын биш нийгмийн даатгалынхан шалгах гэж байсан юмсанж. Тэд өөрсдөө завгүй тул энэ дөрөвдэхд яг таг уулзахаар болов. Гэхдээ би ямар баримт тайланг янзалж чадах биш, чаддаг хийдэг хүн бүгдийг хийж байгаа ч энэ надад айхгүй ч гэсэн аягүй гэгчээр сэтгэлийг хөөрхөн зовоогоод байх юмаа. Гэхдээ энэ тэр новширсон заваарсан юм байхаа больсон л доо, сэтгэл бага зэрэг тайвширсаан нэг үеэ бодвол. Гол асуудал руугаа оръё.

Friday, May 24, 2013

Л.Өлзийтөгс бид хоёрын санаа нийлэв - 2

"Би ихэнх найз хүүхнүүдээсээ зугтдаг, хааяа өөрийн эрхгүй санаж, санаа зовон уулздаг ч, уулзангуутаа л, миний хувьд хэзээ ч сонин байдаггүй яриануудаас залхан, салахын түүс болдог. Би сэтгэл шимшрүүлсэн кино үзээд уйлах нь уйлдаг, гэхдээ л ямагт дотроо "Энэ хэсэг маш үнэмшилгүй болчихож, харин..." гэхчлэн хэрэггүй юм бодоод сууж байдаг. ...Хүүхнүүд ямар нэгэн зүйлийн тухай шагширч бишрэн ярьж байх үед заримдаа надад "Энд сүйдтэй юу байгаа юм бэ" гэж дотроо үнэнээсээ гайхдаг. " Л.Өлзийтөгс зохиолч өөрийгөө жаахан зожигдуу, заримдаа зөрүүд гэж бичсэн байна. Гэхдээ тэр үнэхээр нээлттэй юм.

Л.Өлзийтөгс бид хоёрын санаа нийлэв - 1

"Хүн өөрийгөө хадгалан авч үлдэх л хамгийн хэцүү. Энэ бол зарим хүнээс маш их хүч, харин заримаас нь тийм их хүч шаарддаггүй зүйл." гэж тэр мундаг хүн "Үзэхийн хязгаар" номондоо бичжээ. Зарим нэг хүн энэ номыг фэйсбүүк дээр шүүмжилж, том зохиолч хүн гэхэд уран зохиолын ямар ч яруу тансаг үг хэллэг байхгүй, модон, зүгээр л өдрийн тэмдэглэл уншиж буй мэт санагдсан гэсэн байж билээ.

Tuesday, May 21, 2013

Вагонд таарсан хоёр

Тэд дунд сургуулиа төгссөн байсан санагдаж байгаа ч сайн санахгүй байна. Хамт биш тус тусдаа явж байсан. 2 жилийн өмнө бид хоёр урд хөршөөс ирэхдээ вагонд тэдэнтэй таарч цуг ирсэн юм. Эхлээд тэнд байсан эрчүүд хөзөр тоглолоо. Удаагүй нөхөр маань унтлаа гээд унтаад өгсөн. Би унтаж чаддаггүй болохоор хүмүүстэй юм яриад л явсан, явсаар явсаар зарим нь бууж суугаад өнөө хоёр чинь үлдэв.


Wednesday, May 15, 2013

Сэтгэл тавгүйтүүлсэн асуудлууд

Ойрд сэтгэл тавгүйтүүлсэн асуудлууд хэд хэдээрээ давхцаад юу болов. Эхлээд цэцэрлэгийн бүртгэл гэж асуудал болов. Сайн муу гэж голж шилсэндээ биш, гэртээ хамгийн ойр гэж бодоод сонгосон цэцэрлэгтээ охин маань явж чадахгүйд хүрээд юу юу болов оо. Үлдсэн ганцхан жилдээ өөр цэцэрлэг, өөр багш, өөр найз нартай болоод явна гэж бодсон чинь охиноо өрөвдөх ч шиг. Ашгүй бүх нийтээрээ дургүйцэн гомдоллож байж хуучин хүүхдийг ямар ч байсан хасахгүй гэж сайд нь ч, дарга нь ч үүрэгдэв.

Friday, May 10, 2013

Мөрөөдөл, төсөөлөл

Мөрөөдлөө төсөөллийн тусламжтайгаар биелүүлэх боломжийг олонтаа энд тэнд ярьсаар байгаа билээ. Энэ бол үнэн.
Аль тэртээ багад мөрөөд, төсөөл тэгвэл биелэнэ, мөрөөдлөө биелүүлэх нууц энэ тэр гээд ярьдаггүй байлаа. Тэгэхэд л өсвөр насны охин байхдаа орондоо ороод л мөрөөдөөл, ургуулан бодоол, нүдэндээ төсөөлөөл бараг ном зохиол шахуу өрнүүлж өгдөг байж. Эргээд харахад тэр бүгд биелжээ. 

Tuesday, May 7, 2013

Та аль нь вэ

Харилцаа холбоо, хамрах хүрээнээсээ болоод хоёр төрлийн хүмүүс байнаа. Найз төвтэй эсвэл гэр бүл төвтэй. Аливаа асуудал гарна, баяр жаргал, зовлон гуниг болно ихэвчлэн гэр бүлийнхээ хүрээнд шийддэг. Баяр ёслолоор гэр бүлээрээ байхыг илүүд үздэг, түүндээ үнэхээр кайфтай байдаг маш гэр бүлсэг хүмүүс байна.
Эдгээр гэр бүлсэг дотроо дэндүү их, худлаадуу, ерийн энэ тэр гээд бас янз бүр байна л даа. Худлаадуу гэж бодох болсоны учир нь худлаа нэг их аав ээж ахан дүүс минь гээд сүйд болоод, тэднээс бусад нь хүн биш юм шиг, бусад нь орчлонгийн хамгийн миачууд юм шиг, өөрсдийгөө юм л бол өндөр өргөөд байдаг, тэгсэн мөртлөө заримдаа алалцвал ч алалцчихдаг хүмүүс байдаг болоод тэр.

Thursday, May 2, 2013

Сайн уу, зун цаг минь

Сайн уу, зун цаг минь. Ойрын өдрүүдэд зун цагийг санагдуулан сануулах мэт цаг агаар сайхан байв. Хүмүүс ашгүйдээ гэсэн шиг шууд зундаа орж буй сурагтай, учир нь би хараагүй л дээ. Налайж, цэлийсэн зуны саруудад л хүн малын зоо тэнийж, магнай тэнэгэр, сэтгэл амгалан, баяр хөөр дүүрэн байдагсан. Монгол ичээнээсээ гарчээ.
Инээж ханиасан хүүхэд шуухад, хөнгөн нимгэн хувцасласан хүн олны дунд өнгө өнгө нэмэгдсээр. 
Тун удахгүй бороо гэдэг нь шаагиад, чийг нэвт үнэртэж, мод цэцэг нахиалаад бүр ч гоё болоод ирэх байлгүй. Одоо сэрүүсээд сэрүүсээд шалихгүй биз. Миний Монголд тавтай морил зун цаг минь...

Wednesday, April 24, 2013

Миний "спорт"

Би ахлах анги, оюутан байхаасаа ч юмуу, "Францын гоо сайхны нэвтэрхий толь" гэж эгчийн номыг өөд уруугүй уншдаг болов. Тэрнээс олон юм сурсан. Нэг бүлэг нь эрчүүдийг урхидах тухай ч билүү, гэхдээ тэрийг нэг уншаад л нэг их тоогоогүй ккк.
Би хэзээнээсээ туранхай, шувтан маркийн байлаа л даа. Гэхдээ гар хөл гайгүй урт, тэгэхээр ерөнхий урт богинын пропорци бол гайгүй. Тэр үедээ өөрийгөө ингэж дүгнэлээ.

Monday, April 22, 2013

Идэш уушны дурсамж

Өнөөдөр хоол хийж байхдаа гэнэт сонин юм бодлоо л доо. Үр хүүхэд минь том болсон хойноо юу дурсах нь уу. Сайхан кембаб, будаатай гуляш хийгээл ид ид гэж шахаад л загнуулан барин иддэг байж билээ. Эсвэл бууз хуушуур хийчихээд л хажууд нь халуун ногоотой кетчуп тавьчихна, аав ид ид гээд л, ээж битгий ид гэж хориод л, ааваар далимдуулаад идчихдэг байж билээ гээл. Заримдаа болохоор хүрэн манжингаар винегрет салат хийчихээд л, эсвэл байцааны салат хийчихээд л, эсвэл вандуй шош, ногоо цагаа холиод амтлаад салатархуу юм хийгээд идэх дургүй байхад чинь хүчээр шахаал гээд л. Харин тэр бэлэн хоол, газтай ундаа хоёр лаг гоё байж, хорьсон юм амттай байсан ч юмуу гээд л. Тэгээл жаахан мөнгөжингүүтээ пицца, тахиа захиалж авчруулж идээл гээд л. Одооны бага насны хүүхдүүд маниус шиг амьдрал зохиох насан дээрээ ирэнгүүт бага насныхаа идэш уушыг ингэж дурсах нь ээ.

Friday, April 19, 2013

Блогдох чадвар

Ганц сайхан бичлэг биччихье гээд орсон хүн байхгүй. Найз нөхөд, хөрш, хамт олныхоороо орж гарч санал сэтгэгдлээ хуваалцсаар байтал нойр хүрээд нүд анилдаад хариугүй унаад өгөх нь ээ. Уг нь бичмээр зүйлүүд байгаа л байх юм, долоо хоног ойрд үзэгдээгүй ачаалалтай сонирхолтой өнгөрснийг хэлэх үү.

Нойр хүрээд нүд анилдсан тул маргааш бичлэг оруулъя даа.

Thursday, April 11, 2013

Шороон шуургыг аргалахсан

Дээр нэг такси барихад нэг машин зогсоод хүргэж өгвөө. Жолооч нь гээд нэг дундаж насны залуу. Тэр өдөр өглөө намдуу гоё байсан ч үдээс хойшдоо шороо улаанаараа эргэлдэж шуураад,  хүйтэн зэврүүн муухай болж, түүнээс нь би төвөгшөөсөн юм л даа. Бас нэг гол шалтгаан нь автобусны буудал холхон байсан юм. Хэрвээ намуухан гоё өдөр байсан бол алхахад ч болохоор л зай л даа.

Monday, April 8, 2013

Маш сайхан амралт

Хагас сайн өдөр 1-р ангиудын эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болов. 12 ангийн 12 баг оролцсон. Дундаасаа багаа гаргаад хальт бэлтгэл хийгээд орсон. Тоглож чаддаггүй мань хэд нь балиашиглахыг үзүүлж өгөв. Аль тэртээ 15, 16 жилийн өмнө арван жилдээ сургуулийнхаа зааланд ангиа ингэж дэмжээд л, охид хөвгүүдтэйгээ нийлээд арзганалддаг байсан цаг үе сэдрээд маш сайхан байв. Нөхөр минь "ангиасаа" тэмцээнд орж гол тоглогчдын нэг байсан болохоор бахархахын дээдээр бахархав. Манайх гэхдээ 3-т орсоон.

Wednesday, April 3, 2013

Нандин агшин минь

Ойр зуурдаа сэтгэл номхорч нялхраад жигтэйхэн гайгүй болоод л байна, үе үе сэдэрчих гээд байгааг бодвол... Би ч одоо галзуугийн өвчтэй хүн шиг хэхэ... Хавар болохоор ингээд байна уу, үнэн хямралтай болчих бололтой юм аа, өөрөө ч бүр залхаад тайван баймаар санагдаж байна шд. Гэвч орчин нөхцөл нөлөөлөөд зүгээр байлгахгүй юм. Ойрын үед хүүгийн минь төрсөн өдөр болж жигтэйхэн нялхраад уяраад байна. 7 жилийн тэртээ би ээж болжээ.

Sunday, March 31, 2013

Хүнийг бодож болохгүй юу

"Чи хүнийг их бодох юм"  гээд намайг нөхөр минь их шүүмжилж, би энэ хорвоо дэлхийн хүмүүсээс хэт гаж хүн юм байх өө. Жишээ нь, хэрвээ чамайг тун завгүй шөнө нойргүй хоносон,  ядарч байгааг мэдсээр байж унтаг унтаг гэж бодохгүй уулзъя л даа, ууя л даа гээд байгаа найзыг би үнэндээ гайхна. Мэдсээр байж амраг дээ зайлуул гэж бодохгүй юу гэхээр бүх хүн чам шиг биш хэзээ хүн хүнийг бодож байсын гээд л, би мулгуу юм байх. Үгүй тэгвэл найз нөхрийн хэрэг гэж юу байна гэж цааш бодоод л миний ухаан хүрэхгүй юм өө.

Monday, March 25, 2013

Хэвийн бус сэтгэц...

Хаврын синдром гэж үнэхээр ортой үг үү. Үнэхээр ийм синдром байдаг болж таарлаа юу. Уур хүрээд уушиг сагсайна, бүх хүмүүст уураа гаргана, тэгснээ зүрх чичирнэ. Үзээрийн муухай ааштай, үр хүүхэд, хажуу хавиргаа зовоож, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан үрчийсэн муухай хүүхэн болох нь дээ, энэ янзаараа.

Wednesday, March 13, 2013

Өөрийгөө шийтгэсэн нь

Өөрөө өөрийгөө хөөрхөн хөөрхөн дөнгөчих юм аа тээ. Өглөө нүүрэндээ баахан гуужуулагч түрхээд илж таалж байгаад угаах гээд тонгойсон чинь ус гоожиж байсан крантаа мөргөөд, духнаасаа арай дээгүүр, бараг үсний захаар юмуу даа, хөөрхөн булдруутай болчихлоо.

Энэ мэтээр хөөрхөн хөөрхөн юм их болийшдэ. Ороо тойрч гарах гэж байгаад өвдөг, шилбэ, гуяа өнцөг буланд нь цохиод хөх няц болгочихно. Энэ бараг наснаасаа олон байх өө. Тэгээд гэнэт нөхөр харчихаад энийгээ яацийн, тэрийгээ яацийн гээл учиргүй санаа зовоол, хүн мүнээс нуугаарай ч гэж байх шиг. Өөрийг нь цохисон гээд бодчихвий гээд үхтлээ айдаг гэсэн ккк.
Өө нээрээ наснаасаа олон гэвэл гар хуруугаа зүсэх ч юм уу.

Tuesday, March 12, 2013

Телевизийн нөхдүүд өөрсдийгөө...

Телевизийн нөхдүүд өөрсдийгөө юу гэж боддог вэ. Тэр нэвтрүүлэг бэлтгэж байгаа сэтгүүлч, редактор, орчуулагч, найруулагч нар яг ямар хүмүүс вэ гэдэгт эргэлзэх боллоо. Дээшлээд захирал дарга нар нь ч ямар вэ гэдэг асуудал хөврөнө л дөө.
За яасан гэхээр өчигдөр ёстой орноосоо босолгүй шахам тв үзэж өнжлөө, интернэтээс утсан дээрээ тв хөтөлбөр татаж авчихаад утас удирдлага хоёроо хажуудаа зэрэгцүүлж тавьчихаад үзэж өглөө л дөө. Royal тв дээр Showbiz гээд мэдээллийн хөтөлбөр гарлаа. Ижил хувцасласан холливуудын одуудыг дэлгэж, хэнд нь илүү зохиж байгааг дундуур нь хэлж байна. Мэдээ уншиж байгаа хүн "даашинз" гээд хэлчихэж чадахгүй юм л бол "дрес" гээд байхынмаа, аягүй хэцүү.

Monday, March 11, 2013

Байгаль ба амралт

Бага байхдаа зун болгон хөдөө явдаг байж билээ. Замд давхиж байхад нар жаргахыг харах үнэхээр үзэсгэлэнтэй. Тэнгэр тэр чигтээ гал улаан болж, түүнээсээ ийш тийш цацран, үүлтэй холилдож сүүдэрлэж улбар шар, хүрэн улаан гээд уусалттай хувирна. Өдрийн цэв цэнхэр тэнгэр цав цагаан үүл маань оройдоо ийм төрхтэй болчих нь гайхалтай.

Дүү, "хөөх тэр тэнгэрийг хараач" гэнэ. Дүү ч гэлтгүй бид цөмөөрөө гайхан шагшаад явдаг байжээ. Очсон газраа ихэнхдээ бид машиндаа унтана. Цонхоор өнөөх тэнгэр зүү ороох зайгүй шивсэн одтой болж, бид хошигнон "хөдөөний тэнгэрийг хар аа" гэж өвөр зуураа инээлдсээр унтдаг байв. Зүү орох зайгүй шивсэн мэт одот тэнгэр зүйрлүүлбэл шинэ жилийн даашинз дундаас гялалзаж гялтганасан саатай даашинз нь юм шиг.

Сэтгэлийн хувирал

Энэ сэтгэл гэгч яг л цаг агаар юм дөө. Заримдаа налгар сайхан тайван байж нар шиг гэрэлтээл, заримдаа бүүдгэр өдөр шиг дүнсийчих юм, бүр заримдаа усан бороо шиг асгарч үерлэж өгөх юм даа. Яалтай ч билээ, энэ сэтгэл заримдаа юунаас ч үл хамааран дур зоргоороо хувирч бие, зүрх ухаанаар минь тоглочих юм.

Энд яг юу нөлөөлөөд байдгийн бол доо. Биеийн байдал нөлөөлдөг юм болов уу. Эрүүл мэнд үү, цаг агаар уу, агаарын даралт уу, насны хямрал уу энэ тэр... Бодоод байхад уншсан ном, үзсэн кино, уулзсан хүн тэгтлээ сонин болгож хүндрүүлэхгүй л байх шиг.

Monday, February 25, 2013

Би адал явдалд даанч дургүй

Хүн болж төрсөндөө баярладаг, талархдаг гээд олон хүн ярьдаг. Харин би энэ тухай огт боддоггүй. Хүн болж төрсөн бол төрөө л биз, амьтан болж төрсөн бол тэр л биз, юу ч болж төрөөгүй бол төрөөгүй л байна биз. Ялгаа юундаа байгаа юм. За яахав хүн болчихлоо. Хүн болчихсон юм чинь жаргал зовлонтой амьдрал үргэлжилж, түүн дунд нь би тонгочихгүй гээд яанам бэ. Гэвч нэг л зүйлд хайхрамжгүй байж ердөө болохгүй. Юу гэвэл, нэгэнт хүн болоод төрчихсөн л бол хүн шиг л байх ёстой.

Аяа миний арван найман нас...

Арван найман нас минь, дуун дээр гардаг арван найман нас шиг л өнгөрчээ. Би яг энэ насандаа чамдаа дурласан. Урьд өмнийн 2-3 жил дасчих гээд л, дасчих гээд л... Гэхдээ тэр хайрын сэтгэлээр дасах биш, ердөө л надтай ярилцдаг үе тэнгийн эрэгтэй хүн нь чи байсан болохоор л тэр. Ангидаа очоод ангийнхантайгаа ойр зуурын юм ярьж марзаганана, гэртээ ирэхээр гэрийн жирийн яриа. Харин чи л оройдоо ганц ирж юм бүрийн тухай ярилцдаг байж.

Sunday, February 24, 2013

Өдрийн тэмдэглэл

Бага байхдаа өдрийн тэмдэглэл бичих гэж хэд хэд оролдож билээ. Гэхдээ хэн нэгэн олоод уншчихвал яах уу, гээд айгаад ч гэх юмуу эмээгээд ч юмуу нэг их зүрхлээгүй. "Анне Франкийн өдрийн тэмдэглэл"-ийг уншлаа. Тэр охины зүрх сэтгэл рүү орчих шиг л боллоо. Үнэхээр ч бичих авъяастай охин байжээ. Орчуулга бас их сайн байсан гэж бодогдов.

Өдрийн тэмдэглэл ийм л байх ёстой юм байж гэж бодогдлоо. Дотоод сэтгэлээ уудлан гаргаж бичих, өөрөө өөртэйгөө ярилцаж буй хэлбэр юм уу даа нэг ёсондоо. 2007 онд блог гээч юм гарч ирж харин цахим хэлбэрээр "өдрийн тэмдэглэл"-ээ бичдэг болжээ. Нийгэм, улс төрд юу болсныг юу гэж үзэж байгаагаа, эргэх дурсамжаа гэх мэтээр үзэл бодлоо бичдэг байж. Энэ үеэс л үзэг цааснаас холдсон юм байна шүү, би.

Wednesday, January 9, 2013

Хоол ба эрүүл мэнд, ярилцах уу

Нэг удаа би нөхөр, хадам ээж хоёрыгоо жаахан цаашлуулж, "Загасчны морь усгүй гэдэг шиг тогоочийн хүү гэхэд үнэхээр буруу хооллох юм аа" гэж билээ. Хариуд нь ээж, "өө эднийг чинь юун анзаарах, өглөө гараад орой ирдэг, эд өөрсдөө л хүн болсон" гэсэнсэн. Одоо цагт ингэж хэлээд суух эрхгүй болжээ, та бид. Хүнсний аюулгүй байдал болохоо байлаа, энэ бүр үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж эхэлсэн тухай ам уралдан ярьдаг улс орны асуудал маань миний бяцхан гэр бүлд ч маш том асуудал ажээ.

Saturday, January 5, 2013

Би бүх зүйлтэй зөрчилдөөд байна

Би үргэлж зөрчилдөөд байна. Бүх юмтай, ерөөсөө бүх юм нэг л болж өгөхгүй байна. Өнгөрсөн шөнө миний найз гэв гэнэт утасдлаа, "Миний найз мөн үү..." ойлгомжтой тэр согтуу, бүр тасарчихсан байна. Тэр уухаараа л над руу очлоо, чи найзыгаа хүлээж авна биз дээ гэж ярьдаг, хүлээж авнаа хүрээд ир гэдэг. Ирээд нилээн уйлж байгаад унтдаг, өглөө нь би хүргэж өгдөг. Яагаад миний найз эрүүлдээ над руу мэнд мэдээд, сонин сайхнаа хуучлаад ярьдаггүй юм бэ.
Хүүхнүүд шиг, үсчин дэлгүүр хэсээд, хоол хамт идээд, хааяадаа вино уугаад яриад суудаг тийм эмэгтэй найзууд байж яагаад ч болохгүй юм. Тийм зав түүнд байхгүй. Хоёулаа уулзая, хүрээд ир гэхээр нөхөртэйгөө хүрээд ирдэг, тэгээд эмэгтэйчүүдийн уулзалт биш, гэр бүлийн архидалт...