Monday, April 22, 2013

Идэш уушны дурсамж

Өнөөдөр хоол хийж байхдаа гэнэт сонин юм бодлоо л доо. Үр хүүхэд минь том болсон хойноо юу дурсах нь уу. Сайхан кембаб, будаатай гуляш хийгээл ид ид гэж шахаад л загнуулан барин иддэг байж билээ. Эсвэл бууз хуушуур хийчихээд л хажууд нь халуун ногоотой кетчуп тавьчихна, аав ид ид гээд л, ээж битгий ид гэж хориод л, ааваар далимдуулаад идчихдэг байж билээ гээл. Заримдаа болохоор хүрэн манжингаар винегрет салат хийчихээд л, эсвэл байцааны салат хийчихээд л, эсвэл вандуй шош, ногоо цагаа холиод амтлаад салатархуу юм хийгээд идэх дургүй байхад чинь хүчээр шахаал гээд л. Харин тэр бэлэн хоол, газтай ундаа хоёр лаг гоё байж, хорьсон юм амттай байсан ч юмуу гээд л. Тэгээл жаахан мөнгөжингүүтээ пицца, тахиа захиалж авчруулж идээл гээд л. Одооны бага насны хүүхдүүд маниус шиг амьдрал зохиох насан дээрээ ирэнгүүт бага насныхаа идэш уушыг ингэж дурсах нь ээ.

Харин бидний хувьд 60 мөнгөний печень, 100-ийн ундаа, 5 билүү 10-ын гаа энэ тэр фэйсбүүкээр дүүрэн, амсаж идэж явсан бол лайк эн тэр гэчихсэн. Бид яадаг байлаа, элсэн чихэртэй талх иднэ, масло байвал бүр амттай. Өдөрт 2 талх авна, хүн амьтан нэмэгдээд ирчихсэн үед 3-ыг авна. Хааяа ээж түмпэн дүүрэн боорцог хийнэ, бид нар босоо суун хивсээр дороо дуусгачихна, тэгээд талхаа авч байсан нь бараг ашигтай байсан юмуу даа. Үйлдвэрийн атар талх нэг хэсэг тасарсан юмаа, хувийн үйлдвэрийн янзан бүрийн талх гарч эхлээл, заримдаа шатаал /тэр нь аз таарахад гайгүй, азгүйтвэл түүхий, түүхий байлаа гээд заргалдахгүй л дээ/

Хярамцагтай хоолыг чинь хааяа хийнээ, дүү бол гүрийж цаашаа харчихаад ёстой идэхгүй хоосон хоночихно. Гурилтай шөлөнд голдуу бүгд дургүй. Одоо бол тэр гурилтай шөлийг сардаа нэг хийгээд байгаа юмуу яагаад байгаа юм. Хоолны нэр төрөл олшроод  заримдаа гадуур дотуур маяглаж айл хэсч хоол буудах юмаа бас. Тэгээд будаа голдуу...

Нэг удаа хөц будаа авчраад ганц хоёр хоол хийгээд байх шиг байсан, тэгээд нэг их хийгээгүй. Тэр харваас царай муутай, идэх ч үгүй байсан бид хэд. Өө тэр нийслэл, байцааны салат чинь баяр ёслолын л идээ будаа байлаашив. Одоо бас яаж байна, чацаргана, аньс хоёроор чинь жинхэнэ ориг жүүс хийгээд тавиал шахаад байвал бас дургүйлхэх янзтай. Юун жүүс энэ тэр, маний багад бараг жүүс гэдэг үг нь байсан юмуу. Нэг удаа наадмаар чацарганаар жүүс хийчихээд ээж тэрийг компот гээд байх чинь билээ гсн.


No comments:

Post a Comment