Sunday, March 31, 2013

Хүнийг бодож болохгүй юу

"Чи хүнийг их бодох юм"  гээд намайг нөхөр минь их шүүмжилж, би энэ хорвоо дэлхийн хүмүүсээс хэт гаж хүн юм байх өө. Жишээ нь, хэрвээ чамайг тун завгүй шөнө нойргүй хоносон,  ядарч байгааг мэдсээр байж унтаг унтаг гэж бодохгүй уулзъя л даа, ууя л даа гээд байгаа найзыг би үнэндээ гайхна. Мэдсээр байж амраг дээ зайлуул гэж бодохгүй юу гэхээр бүх хүн чам шиг биш хэзээ хүн хүнийг бодож байсын гээд л, би мулгуу юм байх. Үгүй тэгвэл найз нөхрийн хэрэг гэж юу байна гэж цааш бодоод л миний ухаан хүрэхгүй юм өө.

Monday, March 25, 2013

Хэвийн бус сэтгэц...

Хаврын синдром гэж үнэхээр ортой үг үү. Үнэхээр ийм синдром байдаг болж таарлаа юу. Уур хүрээд уушиг сагсайна, бүх хүмүүст уураа гаргана, тэгснээ зүрх чичирнэ. Үзээрийн муухай ааштай, үр хүүхэд, хажуу хавиргаа зовоож, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан үрчийсэн муухай хүүхэн болох нь дээ, энэ янзаараа.

Wednesday, March 13, 2013

Өөрийгөө шийтгэсэн нь

Өөрөө өөрийгөө хөөрхөн хөөрхөн дөнгөчих юм аа тээ. Өглөө нүүрэндээ баахан гуужуулагч түрхээд илж таалж байгаад угаах гээд тонгойсон чинь ус гоожиж байсан крантаа мөргөөд, духнаасаа арай дээгүүр, бараг үсний захаар юмуу даа, хөөрхөн булдруутай болчихлоо.

Энэ мэтээр хөөрхөн хөөрхөн юм их болийшдэ. Ороо тойрч гарах гэж байгаад өвдөг, шилбэ, гуяа өнцөг буланд нь цохиод хөх няц болгочихно. Энэ бараг наснаасаа олон байх өө. Тэгээд гэнэт нөхөр харчихаад энийгээ яацийн, тэрийгээ яацийн гээл учиргүй санаа зовоол, хүн мүнээс нуугаарай ч гэж байх шиг. Өөрийг нь цохисон гээд бодчихвий гээд үхтлээ айдаг гэсэн ккк.
Өө нээрээ наснаасаа олон гэвэл гар хуруугаа зүсэх ч юм уу.

Tuesday, March 12, 2013

Телевизийн нөхдүүд өөрсдийгөө...

Телевизийн нөхдүүд өөрсдийгөө юу гэж боддог вэ. Тэр нэвтрүүлэг бэлтгэж байгаа сэтгүүлч, редактор, орчуулагч, найруулагч нар яг ямар хүмүүс вэ гэдэгт эргэлзэх боллоо. Дээшлээд захирал дарга нар нь ч ямар вэ гэдэг асуудал хөврөнө л дөө.
За яасан гэхээр өчигдөр ёстой орноосоо босолгүй шахам тв үзэж өнжлөө, интернэтээс утсан дээрээ тв хөтөлбөр татаж авчихаад утас удирдлага хоёроо хажуудаа зэрэгцүүлж тавьчихаад үзэж өглөө л дөө. Royal тв дээр Showbiz гээд мэдээллийн хөтөлбөр гарлаа. Ижил хувцасласан холливуудын одуудыг дэлгэж, хэнд нь илүү зохиж байгааг дундуур нь хэлж байна. Мэдээ уншиж байгаа хүн "даашинз" гээд хэлчихэж чадахгүй юм л бол "дрес" гээд байхынмаа, аягүй хэцүү.

Monday, March 11, 2013

Байгаль ба амралт

Бага байхдаа зун болгон хөдөө явдаг байж билээ. Замд давхиж байхад нар жаргахыг харах үнэхээр үзэсгэлэнтэй. Тэнгэр тэр чигтээ гал улаан болж, түүнээсээ ийш тийш цацран, үүлтэй холилдож сүүдэрлэж улбар шар, хүрэн улаан гээд уусалттай хувирна. Өдрийн цэв цэнхэр тэнгэр цав цагаан үүл маань оройдоо ийм төрхтэй болчих нь гайхалтай.

Дүү, "хөөх тэр тэнгэрийг хараач" гэнэ. Дүү ч гэлтгүй бид цөмөөрөө гайхан шагшаад явдаг байжээ. Очсон газраа ихэнхдээ бид машиндаа унтана. Цонхоор өнөөх тэнгэр зүү ороох зайгүй шивсэн одтой болж, бид хошигнон "хөдөөний тэнгэрийг хар аа" гэж өвөр зуураа инээлдсээр унтдаг байв. Зүү орох зайгүй шивсэн мэт одот тэнгэр зүйрлүүлбэл шинэ жилийн даашинз дундаас гялалзаж гялтганасан саатай даашинз нь юм шиг.

Сэтгэлийн хувирал

Энэ сэтгэл гэгч яг л цаг агаар юм дөө. Заримдаа налгар сайхан тайван байж нар шиг гэрэлтээл, заримдаа бүүдгэр өдөр шиг дүнсийчих юм, бүр заримдаа усан бороо шиг асгарч үерлэж өгөх юм даа. Яалтай ч билээ, энэ сэтгэл заримдаа юунаас ч үл хамааран дур зоргоороо хувирч бие, зүрх ухаанаар минь тоглочих юм.

Энд яг юу нөлөөлөөд байдгийн бол доо. Биеийн байдал нөлөөлдөг юм болов уу. Эрүүл мэнд үү, цаг агаар уу, агаарын даралт уу, насны хямрал уу энэ тэр... Бодоод байхад уншсан ном, үзсэн кино, уулзсан хүн тэгтлээ сонин болгож хүндрүүлэхгүй л байх шиг.