Wednesday, April 3, 2013

Нандин агшин минь

Ойр зуурдаа сэтгэл номхорч нялхраад жигтэйхэн гайгүй болоод л байна, үе үе сэдэрчих гээд байгааг бодвол... Би ч одоо галзуугийн өвчтэй хүн шиг хэхэ... Хавар болохоор ингээд байна уу, үнэн хямралтай болчих бололтой юм аа, өөрөө ч бүр залхаад тайван баймаар санагдаж байна шд. Гэвч орчин нөхцөл нөлөөлөөд зүгээр байлгахгүй юм. Ойрын үед хүүгийн минь төрсөн өдөр болж жигтэйхэн нялхраад уяраад байна. 7 жилийн тэртээ би ээж болжээ.


Юугаа ч мэдэхгүй амьтан шөнөөр ээж рүүгээ ярьсан, ээж тэгвэл ус нь гарчээ, босоод юмаа бэлтгээд байж бай, ээж нь эндээс түргэн дуудчихаад яваад очье гээд хачин тайвнаар хэлсэн. Удаагүй хажууд байдаг эмээ эгчтэй орж ирээд тос энэ тэр хайлуулаад бөгтөгнөөд л байсан. Ээж аав хоёр ороод ирснээ унаатай юм бол шууд хүрээд ир гэж байна гэнээ гээд дагуулаад явсан. Хадмууд бас замаараа суугаад явсан. Надад бол тэр үедээ догдлоод байсан юм байхгүй, юу болох бол гэсэн сониуч маягийн мэдрэмж байлаа. Айдаа өдий 25 хүрчихээд, найз нөхөд, ажлын эгч нараасаа бишгүйдээ л юм сонссон ч би юугаа ч мэдэхгүй гэнэн хонгор охин хэвээр байжээ, одоо бодоход. Ээж болж байж энэ ертөнцийн эрээн бараан, утга учир, эмэгтэй хүн болж төрснөө бүрэн ухаардаг буюу. Энэ мэтээр уяраад л байна даа. Шөнө дөлөөр очсон тул эмч нар үнэндээ тоогоогүй, ирээд үзээд байсан хоёр үеийн шахуу охиныг эмч юм байх даа гээд байсан, дараа нь нэг ч хараагүй, дадлагын хоёр байсан бололтой. Энэ мэтээр өглөөтэй золгоод, шинээр ээлж хүлээлцэж авсан эмч харин анхаарч билээ, тэр болтол аль хэдийн усгүй болчихжээ, би яаж мэдэхэв. Өчнөөн янзаар өвдүүлж үзээд ч төрөх хэмжээнд хангалттай болсонгүй. Тэгээд л яаралтай хагалгаа болоод л, гар хөлийн үсэг дээрээ тулаад л, эмч асрагчгүй намайг аргадаад л хүүхдээ бодсон нь дээр биз дээ, хагалгаа яах ч үгүй гээд л ятгаад л сонин юм билээшд. Хагалгаа гэхээр ээж нар хэрэндээ сандрахаар нь дагаж би айгаад л.

Ёстой л 30 минутын дотор хөөрхөн хүү минь гараад ирсэн. Гэвч хэдхэн цагийн дараанаас байдгаараа тамирдсан би түгшиж ирсэн, таарсан сувилагчид нь хэлтэл нярай тасаг руу хүүг минь авч явчихаад баахан удав. Тэгснээ өндөр халуураад буухгүй байна, удахгүй аягүй бол чи дээшээ шилжих байх гэв. Дээшээ шилжлээ. Ээж рүүгээ ярилаа. Ээж минь, миний бурхан минь тэр үед эгээ л бурхан шиг нөмөртэй түшигтэй, айдсаа давахад хамгийн их түшиг болж байсансан. Нярайн тасагт хэд хоноод гарсан. Гэвч жаахан хордлоготой, хүчилтөрөгчийн дутагдалтай, муйхарлаад өөрөөрөө төрсөн бол "замаасаа" буцаад явчих ч байсан үр минь эрүүл саруул болж айдгаа ардаа хийнгүүт тэр эмч сувилагч нарт гомдоллоод байх ч юмгүй, үнэхээр уужуу болчихоод ор тас мартчихдаг юм билээ. Аав ээж минь ингэж л өвөө эмээ болцгоосон. Бүтэн сар хүний асаргаанд байдаг гэдгийг сонсчихоод шууд ээж дээрээ очно гээд л, би бас дураараа, гэрээрээ ч оролгүй аавындаа очсон. Ор дэр, гэрэл чийдэн, цай хоол, булан тохой зэхүүлж аваад л бурхан шиг л төвхнөөд авсан. Гэвч гэрийнхнээс минь надаас өөр тусдаа гараагүй ах, 2 дүү гээд хүмүүсийнхээ тав тух, шөнийн нойрыг хичнээн хугасласан бол доо. Ээж аавыг гарах хойгуур эрэгтэй дүү ч даавуу угааж байх шиг. Сайхаан би сайхан гэр бүлтэй хүн. Одоо  бүгд гэр бүлтэй болоод амьдралд дөнгөж хөл тавьж байгаа ч хоорондоо эвтэй найртай нь аргагүй бие биенээ дэмжээд, хийх гэж байгаа, хийж байгаа зүйлсээ ярилцаад, түшээд явж байна даа.

Адтай сэргэлэн, хурдтай, эгдүүтэй бяцхан хүү минь хэсэгтээ тасарсан байсан бяцхануудын ахлагч болж төрсөн тул эмээ өвөө, ээж аав, ах эгч дүү, хамаатан садны минь хайрыг хөдөлгөж байв. Одоо ч анхны зээ гээд бурхан бурхан. Доор нь төрсөн дүү нар нь ядаж байхад бүгд охин. Ах дүү нар ч "энэ нэгэнт дархлагдчихлаа" гээдтус тусынхаа охинг төрмөгц хүлээн зөвшөөрсөн. Ганцаараа кино үзээд гэнэт гэнэт инээд алдах, тэгснээ үзсэн киногоо дууриагаад зодолдож байна гэж ганцаараа савчих, гурилын модоо өгчих кун-фу болж тоглъё гэж гуйх, жеки чаны дууриаж хайр зарлах, солонгос монголын драм үзэх сонирхолтой, цоожлоод явсан ч араас компьютер дээр сууж болох уу гэж ярих, утсаа нууцаар анги руугаа авч яваад мартаж ирснээ маргааш нь авах гэж очдог (юу гэж байхав), тэгээд намайг уучлаарай гээд уйлан дуугарсан, дээд айлаас ус алдаад таазаар нэг ус дусахад дандаа өөрийнхөө тоглоомнуудаас болохуудыг (тоглоомны сагс, легогийн хувин, чипсний сав, печений төмөр сав, үзэг балны сав) нь авч гялалзтал энд тэнд тоссон ухаантай сэргэлэн хүү минь чи ээжийнхээ  эрдэнэ шүү. Уншиж сурч байгаа болохоороо үлгэрийн ном нэхээд түүнийгээ хааяа бариад суух чинь бүр ч хайр хүрмээр. Буруу хэрэг хийх, хичээлээ хийхээс залхуурах, дүүтэйгээ муудах, үе үе дураараа аашлах, буруу муухай үг хааяа хэлэх бүрт чинь ээж нь уурлаж загнаж зэмлэдэг ч угаасаа хүүхэд бүрийн гэнэн томоогүй зан юм даа. Ухаантай, хүнийг хайрладаг, бие даасан, нямбай хүн болно гэж би бат итгэдэг. Тийм болгохын төлөө аав ээж хоёр нь их хичээж байна.

Дэндүү хөдөлгөөнтэй сахилгагүй байсан ч багад нь дургүйцэлгүй хараад өгдөг байсан эгч, ах, өөрийн нөхрийн дүү нартаа үнэнгээсээ баярладаг юм. Нэр өгөх асуудал бол ганц нөхрийнх байгаагүй. Бүгд нэр уралдуулаад л, тэрийг нь нөгөө нь бут цохиж унтраагаад л, тусдаа гараад 1-2 жил болж гэрээ их санадаг байсан би тэр нэг сарыг төрсөн гэртээ ямар гоё өнгөрөөгөө вэ. Нөхөр бол дунд нь тендер зарлачихсан, хэн ч хамаагүй нэр хэлээд бай надад таалагдвал би шивнээд өгчихье гээд л суугаад байна. Эцэст нь миний нэр ялсан...

Нэгэнт хүүтэй болсон юм, дараагийн хүүхдээ охин байгаасай гэж туйлгүй их хүсэж билээ, хүсэл биелж хөөрхөн охинтой ч болсон, тэрний одоо толины өмнө аальгүйтэх нь хүртэл өхөөрдөм. (дараа бичнээ)  Хоёр хүүхэддээ хоёуланд нь би нэрийг нь өгсөн, өөрөө зовж байж төрүүлсэн юм чинь өөрөө хүссэн нэрээ өгөг дээ гэж найзуудад минь нөхөр хэлсийн гэнэ лээ, найзуудаасаа дараа нь сонсоход. Гэхдээ мэдээж хоорондоо ярилцсан, саналаа солилцсон, яг өгөхөд нь аав нь чихэнд нь гурав шивэгнэсэн...
Нэг л нялхарч уяраад жигтэйхэн, дураараа бяцхан охин шиг аашилмаар, ээж биш энгэрт чинь зүүгдсэн охин баймаар, халуун тэврэлтэнд хамгаалуулсан энхрий бүсгүй баймаар, гал халуун насандаа очиж гарт чинь хөтлүүлээд хичнээн удаан алхмаар, арван наймтайдаа  чамаасаа мэдэрсэн анхны догдлол хайр дурлал, үнсэлт дээрээ ахиад нэг очмоор...

2 comments:

  1. Бичсэнээ нэг уншсан чинь уйлах нь ээ, яанаа би ийм хямралтай, уяралтай баймааргүй байх юм. Хатуу чанга би хааччих аа вэ.

    ReplyDelete
  2. Бичлэгийг нь уншаад би бас уйлах нээ. Сайхан гэр бүлтэй, хөөрхөн хүүхдүүдтэй азтай эмэгтэй юмаа. Сайн сайхныг хүсье.

    ReplyDelete