Thursday, April 11, 2013

Шороон шуургыг аргалахсан

Дээр нэг такси барихад нэг машин зогсоод хүргэж өгвөө. Жолооч нь гээд нэг дундаж насны залуу. Тэр өдөр өглөө намдуу гоё байсан ч үдээс хойшдоо шороо улаанаараа эргэлдэж шуураад,  хүйтэн зэврүүн муухай болж, түүнээс нь би төвөгшөөсөн юм л даа. Бас нэг гол шалтгаан нь автобусны буудал холхон байсан юм. Хэрвээ намуухан гоё өдөр байсан бол алхахад ч болохоор л зай л даа.

Жолооч залуу хэлж байна. "Одоо энэ замын хажуу талын шороонуудаа услаад байх хэрэгтэй шд. Яадгийн, хөрс нь чийгтэж гоё байж байгаад аяндаа ногоо ургаж, мод нь ч хурдан нахиална даа" гэв. Нээрээ тийм шүү. Пургисан сул шороо байхгүй бол юу гэж шороогоор шуурахав, зүгээр л салхилна биз. Явган хүний зам үнэхээр дутагдалтай, гайгүйхэн явж байснаа эмтэрч унаад шороон зам болчихно. Тэгээд уг нь цэцэрлэг, ногоон бүс байх ёстой газар нь дундаа хэдхэн модтой дүүрэн шороо. Хотын төвд л гайгүй байдаг байх.

Манай байр уг нь ногоон бүс гайгүйтэй, даанч өнгөрсөн жилийн "Мод тарих өдөр"-өөр хэдэн гацуур тарьсан ч тал хувь нь үхчихсэн. Уг нь СӨХ-ынхөн услаад л байдаг байсан. Бас хэдэн бут эгнүүлээд баахан тарьсан бараг ганц нь ч ургаагүй. Яахав усалдаг болохоор талбай дээр зүлэг гайгүй ургана, даан ч зунтай зэрэгцээд зэрлэг ургамал нь түлхүү гараад ирдэг. Уг нь яг энэ цэцэрлэгжүүлэлтийг мэддэг хүн хаа сайгүй газар бүрт хэрэгтэй юм шиг. Тэгээд тэр нь бидэн шиг нарийн мэдлэггүй хүнийг удирдан зохион байгуулаад дайчлаад байвал болох шиг л санагдах юм.

Тээр жил урд хөршийн Эрээн хотод очив. Яг өдий шиг хавар цаг байсан болохоор Замын-Үүдэд улаан элсээр шуурч, нүүр, нүд, хамар, чих элсэн давхаргатай болсон л доо. Хил давахад л элсэн шуурга биш, зүгээр ширүүхэн салхи болж хувирсан. Тэнд эсвэл явган хүний зам, машин зам, эсвэл зүлэг ногоо. Том том талбайд дүүрэн арц тарьсан байсан нь халиураад л байж билээ. Ийш тийш гудамж "метрлэхэд" зүгээр нэг салхилна уу гэхээс биш нүүрэн дээр лав нунтаг шороо ирж буухгүй юм билээ. Одоо бүр ч өөр болсон байх.

Хүйтэн салхи, шороон шуургыг ч хот газар аргалж болдог л юм билээ.

No comments:

Post a Comment