Wednesday, January 9, 2013

Хоол ба эрүүл мэнд, ярилцах уу

Нэг удаа би нөхөр, хадам ээж хоёрыгоо жаахан цаашлуулж, "Загасчны морь усгүй гэдэг шиг тогоочийн хүү гэхэд үнэхээр буруу хооллох юм аа" гэж билээ. Хариуд нь ээж, "өө эднийг чинь юун анзаарах, өглөө гараад орой ирдэг, эд өөрсдөө л хүн болсон" гэсэнсэн. Одоо цагт ингэж хэлээд суух эрхгүй болжээ, та бид. Хүнсний аюулгүй байдал болохоо байлаа, энэ бүр үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж эхэлсэн тухай ам уралдан ярьдаг улс орны асуудал маань миний бяцхан гэр бүлд ч маш том асуудал ажээ.

Saturday, January 5, 2013

Би бүх зүйлтэй зөрчилдөөд байна

Би үргэлж зөрчилдөөд байна. Бүх юмтай, ерөөсөө бүх юм нэг л болж өгөхгүй байна. Өнгөрсөн шөнө миний найз гэв гэнэт утасдлаа, "Миний найз мөн үү..." ойлгомжтой тэр согтуу, бүр тасарчихсан байна. Тэр уухаараа л над руу очлоо, чи найзыгаа хүлээж авна биз дээ гэж ярьдаг, хүлээж авнаа хүрээд ир гэдэг. Ирээд нилээн уйлж байгаад унтдаг, өглөө нь би хүргэж өгдөг. Яагаад миний найз эрүүлдээ над руу мэнд мэдээд, сонин сайхнаа хуучлаад ярьдаггүй юм бэ.
Хүүхнүүд шиг, үсчин дэлгүүр хэсээд, хоол хамт идээд, хааяадаа вино уугаад яриад суудаг тийм эмэгтэй найзууд байж яагаад ч болохгүй юм. Тийм зав түүнд байхгүй. Хоёулаа уулзая, хүрээд ир гэхээр нөхөртэйгөө хүрээд ирдэг, тэгээд эмэгтэйчүүдийн уулзалт биш, гэр бүлийн архидалт...