Monday, February 25, 2013

Би адал явдалд даанч дургүй

Хүн болж төрсөндөө баярладаг, талархдаг гээд олон хүн ярьдаг. Харин би энэ тухай огт боддоггүй. Хүн болж төрсөн бол төрөө л биз, амьтан болж төрсөн бол тэр л биз, юу ч болж төрөөгүй бол төрөөгүй л байна биз. Ялгаа юундаа байгаа юм. За яахав хүн болчихлоо. Хүн болчихсон юм чинь жаргал зовлонтой амьдрал үргэлжилж, түүн дунд нь би тонгочихгүй гээд яанам бэ. Гэвч нэг л зүйлд хайхрамжгүй байж ердөө болохгүй. Юу гэвэл, нэгэнт хүн болоод төрчихсөн л бол хүн шиг л байх ёстой.

Аяа миний арван найман нас...

Арван найман нас минь, дуун дээр гардаг арван найман нас шиг л өнгөрчээ. Би яг энэ насандаа чамдаа дурласан. Урьд өмнийн 2-3 жил дасчих гээд л, дасчих гээд л... Гэхдээ тэр хайрын сэтгэлээр дасах биш, ердөө л надтай ярилцдаг үе тэнгийн эрэгтэй хүн нь чи байсан болохоор л тэр. Ангидаа очоод ангийнхантайгаа ойр зуурын юм ярьж марзаганана, гэртээ ирэхээр гэрийн жирийн яриа. Харин чи л оройдоо ганц ирж юм бүрийн тухай ярилцдаг байж.

Sunday, February 24, 2013

Өдрийн тэмдэглэл

Бага байхдаа өдрийн тэмдэглэл бичих гэж хэд хэд оролдож билээ. Гэхдээ хэн нэгэн олоод уншчихвал яах уу, гээд айгаад ч гэх юмуу эмээгээд ч юмуу нэг их зүрхлээгүй. "Анне Франкийн өдрийн тэмдэглэл"-ийг уншлаа. Тэр охины зүрх сэтгэл рүү орчих шиг л боллоо. Үнэхээр ч бичих авъяастай охин байжээ. Орчуулга бас их сайн байсан гэж бодогдов.

Өдрийн тэмдэглэл ийм л байх ёстой юм байж гэж бодогдлоо. Дотоод сэтгэлээ уудлан гаргаж бичих, өөрөө өөртэйгөө ярилцаж буй хэлбэр юм уу даа нэг ёсондоо. 2007 онд блог гээч юм гарч ирж харин цахим хэлбэрээр "өдрийн тэмдэглэл"-ээ бичдэг болжээ. Нийгэм, улс төрд юу болсныг юу гэж үзэж байгаагаа, эргэх дурсамжаа гэх мэтээр үзэл бодлоо бичдэг байж. Энэ үеэс л үзэг цааснаас холдсон юм байна шүү, би.