Saturday, January 5, 2013

Би бүх зүйлтэй зөрчилдөөд байна

Би үргэлж зөрчилдөөд байна. Бүх юмтай, ерөөсөө бүх юм нэг л болж өгөхгүй байна. Өнгөрсөн шөнө миний найз гэв гэнэт утасдлаа, "Миний найз мөн үү..." ойлгомжтой тэр согтуу, бүр тасарчихсан байна. Тэр уухаараа л над руу очлоо, чи найзыгаа хүлээж авна биз дээ гэж ярьдаг, хүлээж авнаа хүрээд ир гэдэг. Ирээд нилээн уйлж байгаад унтдаг, өглөө нь би хүргэж өгдөг. Яагаад миний найз эрүүлдээ над руу мэнд мэдээд, сонин сайхнаа хуучлаад ярьдаггүй юм бэ.
Хүүхнүүд шиг, үсчин дэлгүүр хэсээд, хоол хамт идээд, хааяадаа вино уугаад яриад суудаг тийм эмэгтэй найзууд байж яагаад ч болохгүй юм. Тийм зав түүнд байхгүй. Хоёулаа уулзая, хүрээд ир гэхээр нөхөртэйгөө хүрээд ирдэг, тэгээд эмэгтэйчүүдийн уулзалт биш, гэр бүлийн архидалт...


 Архийг үзэх үзлийн хувьд би бүх хүмүүстэй зөрчилдөөд байна. Өнөөдөр эмчийн яриа сонслоо, тэр хөгжилтэй орнуудад чинь согтсон хүнийг амиа хорлохыг завдсан, амиа хорлож магадгүй хүмүүсийн тоонд оруулаад бөөн сургалт зөвлөгөө өгдөг гэнэ. Яагаад монголчууд бид зохистойгоор нь ядахдаа 100 грамаар нь хэрэглээд, эрүүлээр зугаацаж болдоггүй юм бэ. Бүр ядаж бага зэрэг халаалттайгаар сайхан яриад сууж болохгүй гэж... Хамт ажилладаг байсан хүмүүс, одоо хамт ажилладаг хүн, дунд сургууль, их сургуулийнхан гээд хэд хэдэн фракц бий. Фракцууд бүгдээрээ ямар нэг баяраар зохицуулаад уулзаж уух ёстой, ядахдаа уулзаагүй удлаа гэдэг шалтгаанаар нэг уулздаг. Баяр л бол баяр. Баяр бол бусдаас илүү зүйл. Зүв зүгээр өнгөрөөж хэрхэвч болохгүй зүйл. Ажилтай байсан ч яаж зүгээр байх вэ, заавал ганц юмны бөглөө дараа нь ч болсон мултална. Яагаад заавал ингэх ёстой гэж.

Монголчууд заавал нэгнийхээ гэр орныд ирж уугаад суух ёстой юу. Эрт дээр үеэс уламжилсан зочломтгой сайхан монгол заншил маань архидалтын хувьд ч байсаар байх ёстой юу. Гэр орон бол гэр бүлээрээ сайхан тавлаг, тайван байх ёстой ариун газар. Үр хүүхдийн хувьд ч сайхан орчин байх ёстой гэж бодоод байхад л гэртээ бага насныхаа хүүхдийг чихэр ундаа хоёроор хуурч хөөргөчихөөд өөрсдөө хажууд нь архидаад суудаг томчуудтай бас зөрчилддөг. Элдэв баяр ёслолд заавал архи байх ёстой, баярын ширээн дээр архи, пиво, дарс, виски гээд бүх төрөл нь шил шилээрээ ундаа, жүүс, уснаас ч илүү байх ёстойг ойлгодоггүй би одоо буруу номын хүн үү. Үүнийгээ ил гаргаад байвал буруу номын, зожиг хажиг, нийтэч биш, наргиан зугаа ойлгодоггүй хахир хатуу хүн болох гээд байдаг. Яагаад вэ?  Ингээд ний нуугүй хэлэхэд ядаж ийм болохгүйн тулд хяналттайгаар амсаад суухаас өөр аргагүй. Ингэхдээ дотроо лав хүмүүсийн мэдрээд байгаа кайфыг авахгүй л юм билээ.

Яагаад монголчууд бид шинэ жилийн бэлэг гэхээрээ л хэдэн чихэр жимс хүүхэддээ боож өгөх ёстой гэж, яагаад бид цагаан сараар заавал гар цайлгах ёстой гээд туйлшраад байдгаа барах ёстой гэж, яагаад бид энэ баяраар баярлаж чадаагүй гээд нөхөж баярладаг, яагаад төрсөн өдрийн баяраараа тийм бахархалтайгаар архидаж, нөгөөдүүлдээ өртэй юм шиг шахуулах ёстой гэж...  Мэдэхгүй, би бүх зүйлтэй зөрчилддөг. Зарим нэгтэй нь эвлэрээд явахгүй бол энэ нийгэмд би багтаж шингэхгүй болох юм шиг байна. Яагаад би энэ бүгдийг одоо илүүтэй анзаараад эхлэв  ээ. Энэ зөвхөн нэг хэсэг нь...

No comments:

Post a Comment