Monday, October 14, 2013

Зүүд намайг хүмүүжүүлээд байдаг тухай

Би нэг их зүүдэлдэггүй л дээ. Гэхдээ хаа нэг удаа тов тод өнгөтөөр зүүдэлдэг. Бүр зүрх сэтгэлдээ жинхэнээсээ болсон юм шиг мэдэрч, харамсаж, гэмшиж ирээд л зүүдэлдэг. Хэн нэг хүн намайг миний толгойг эргэтэл загнаад, хэлээд, ойлгуулаад, биеэр амсуулаад хашраагаад, ухааруулаад өгч байгаа юм шиг л зүүд яг тэгдэг. Та нар тэгдэг үү.


Би өсвөр насанд байхдаа анх аймар зүүд зүүдэлсэн. Хүн алж байна гэж. Гэхдээ нэг танихгүй хүнийг алах гэж байх шиг байснаа бараг л аавыгаа алчих шиг болсон. Аймар байгаа биз. Бараг уйлаад сэрсэндээ баярласан. Аавыгаа бүр ч ихээр хайрлаж өрөвдөж, өөр нүдээр хайрлах ёстойгоо ухаарч, тэрнээс хойш ер нь маш ихээр хүндэлж хайрлах болсон. Хүмүүс аав ээжийгээ тэнгэрт хальсан хойно ихээр харамсан гашуудаж, гэмшдэг гэдэг ч би тэр ухаарлыг аль хэдийн амьд байхад нь  зүүдээрээ мэдэрчихсэн. Тийм болохоор ааваасаа айна эмээнэ, хүндэлнэ, хайрлана, санааг нь зовоохгүй сайн сайхан явахын төлөө л явдаг, явж ч байна даа.

Хэзээ хойно бас нэг удаа шоронд орох гэж байна гэж зүүдэлсэн. Яг яасан нь мэдэхгүй. Гэхдээ л юу юугүй шоронд нь орох нь тодорхой, бараг авч явдаг хүмүүс нь ирээд авч явах гээд байсан уу яасан. Ингээд өнгөрлөө, хичнээн мөнгө төгрөг таньдаг хүн амьтан байгаад ч нэмэргүй, хамаг арга чарга дуусчихсан, угаасаа ямар ч арга байхгүй ч юмуу, шууд шоронд тодорхой болчихсон, тэнд ямар байдаг бол, яаж би тэнд ... жилийг өнгөрүүлнээ, ... настайдаа гарч ирнэ, би ингээд хог дээр үсэрлээ, хүний тооноос хасагдлаа яанаа гээд л сэтгэл зүрх шимширтэл бодож, юуг ч буцааж эргүүлэх аргагүй юмаа гэж харамсаад л зүүдлээд байж билээ. Сэрээд өчнөөн юм бодож билээ. Яадаг ч байсан ямар ч муу буруу юм хийж болохгүй, алдаа гаргах эрхгүй амьдрал юм даа л гэж бодож хэвтсэн. Эд ямар ч хар дарсан зүүд биш л дээ, айхаар зүүд биш.

Саяхан нэг ийм тов тод зүүд зүүдэллээ. Гэртээ байж байсан чинь нөхөр орж ирж байна. Нэг залуухан охин дагуулчихаж. Нилээн дотно, яг надтай байдаг шигээ. Хажуудаа суулгаад л... Тэгж байгаад гараад явлаа. Өө бүр ийм дээрээ тулсан уу, зөзө гээд л би жаахан бачимдаад уурлаад ч байх шиг, янз муутай байна. Өнөө хоёр чинь юу ч болоогүй юм шиг байгаад байсан. Гараад явсан хойно нь ээж надад хэлж байна. Ингэж байгаад бүр энэ охиныг "аваад" цаашаа явчихвал чи яах вэ гэсэн утгатай юм хэлж байна. (Яг сайн санахгүй байна, зүрхэнд зүү зоосон юм шиг л үг тухайн үедээ хэлж байсан)  Тэгмэгц улам бачимдаад өөрийнхөө азгүй хувь заяандаа гомдоод, би нэгэнт өнгөрчээ, би уг нь ганцхан тэрний л эмэгтэй байсан гээд л бодоод байх шиг байсан.

Ийм зүүднүүдээс өглөө учиргүй сэргэг сэрдэг юм. Тэгээд их юм бодно. Шөнөжингөө хүнтэй юм ярьж, өнөөх маань намайг сэнхрүүлж сэнхрүүлж байгаад яваад би ганцаараа юм бодоод хоцорсон аятай л байдаг. Нэг их зүүдлээд байдаггүй мөртлөө ийм тов тод зүүд гэнэт гэнэт зүүдлэхийн, сүүлдээ учир жанцантай юм болов уу гэж бодох шиг...  

No comments:

Post a Comment