Tuesday, July 9, 2013

Миний бахархал

Би ер нь юугаараа бахархдаг юм болоо, бахархах юм ер нь байна уу... Миний хамгийн том бахархал бол туулж өнгөрүүлсэн амьдрал минь юм. Би үхэл хагацал, өвчин зовлон дааж давшгүй гай гамшиг нуруундаа үүрч, түүнийгээ даван туулж амьдраагүй л дээ. Гэхдээ л би нэр цэвэр, үнэнч, зөв, бүтээлч амьдралаараа маш ихээр бахархдаг. Энэ тухай ярихдаа нүд гялалзаад, сэтгэл хангалуун гэгч нь дуртайяа ярина шүү дээ.


Өсвөр насандаа ном уншиж өссөнөөрөө их бахархдаг. Түүнээс би энэхүү амьдралдаа хандах хандлага, үзэл бодлоо зөв төлөвшүүлж чадсандаа баярлаж бахархдаг юм. 18 нас хүрэхийн алдад би амьдралынхаа ханьтай таарсан. Би жаахан байсан ч тэр үедээ л хэрсүү ухаанаар амьдралд хандахыг хичээдэг байжээ. Үр хүүхэд, амьдрал зохиох тал дээр би сургууль соёл төгсөж ганц хоёр жил ажилласны дараа болно гэж хэрэндээ хатуу боддог байсан тулдаа яг түүгээрээ болжээ. Тэр хооронд гэгээн сайхан үерхэж нөхөрлөж явснаараа би маш их бахархдаг.

Амьдралд хөл тавилаа. Амьдралд, хайр дурлалд даруу төлөв, үнэнч ухаалаг, арвич хямгач, хурдтай хандаж өдийг хүрсэндээ их бахархдаг. Бид бүтэн жил заавал нэг юм хийж бүтээж ахиц гаргаж байхыг боддог байсан. Нэг жилд нь зээл тавин машинтай боллоо. Дараа жилд нь машинаа үл хөдлөх хөрөнгө болгож хувиргалаа, байршлыг нь анхаарч авсан тулдаа үнээ алдахгүй дараа нь зарж чадлаа, нэг жилд нь зээл хөөцөлдөж илүү том байшин машин авлаа, нөгөө жилд нь гараш барилаа, дараа жилд нь хашаагаа шинэчилж гоё болгоод, машинаа сайжрууллаа, тэрний дараа жил дахиад машинаа солив, дара нь бас л цаг үеийн ханшаар байшин хашаагаа үнэ хүргэж чадлаа, тэгээд байртай боллоо, сүүлийн жил машинаа томсгов. 

Энэ бүх амьдрал миний бахархал. Цөөхөн жилд ихийг бүтээсэн байна гэж багш маань хэлж байсан нь их урам өгсөнсөн. Дэмжлэг туслалцаа тал талаас ирсэн ч бид түүнд сагсуураагүй, ухаангүй тэнэг зарж үрээгүй, мөнгийг маш зөв зарцуулж байж энэ бүгдийг босгосондоо баярладаг бас бахархдаг. Өнгө мөнгөнд шунаагүй, бэлэн зэлэн юм нэхэж бухимдаагүй, илүү цалин нэхээгүй. Мөнгөний араас үхэн хатан хөөцөлдөж хуншгүй зан гаргаагүй, зүгээр л мөнгийг хэрэгцээгээ хангахад минь туслах найзаа гэж ханддаг байв, одоо ч гэсэн. Тийм болоод ч цалин нэмж чадахгүй байхад нь ойлгоод урдахаа хийгээд явдаг байж. Үхэн хатан шунан дурласан хүнээс мөнгө харин ч айдаг юм шиг ээ...

Миний бахархал бол туулж өнгөрүүлсэн нэр цэвэр амьдрал минь... Элдэв бусын эрээвэр хураавар, ороо бусгаа юм үзээгүй нандин ариун өнгөрсөн амьдрал минь би чамд хайртай.

No comments:

Post a Comment