Monday, September 23, 2013

Далд ухамсар

Ам нээвэл уушиг нээнэ гэгчээр өмнөх бичлэгт далд ухамсарын тухай санаа орж ирснийх нэг мөсөн биччихнээ.
Далд ухамсар хүн бүрт бий. Тархи юуг ч хамаагүй бичиж үлдээж авч байдаг. Эргүүлээд хэзээ нэг цагт гарч ирдэг. Үүнийг бид муу биш сайн юманд ашиглаж болдог. Бид багадаа шилдэг сайн хүүхэд байлаа гэж бодъё. Аав ээж минь ч юмуу багш ч юмуу, хэн нэг хүн чи ёстой мундаг, чи мундаг амьдрах ёстой гэж байнга, үгүйдээ ядаж нэг удаа сэтгэлд хоногштол хэлжээ.


Харин тэр хүүхдийн амьдралын анхны алхам тийм сайнаар эхэлсэнгүй. Муу хүнтэй учирч, уруудаж, бүтэлгүйтэж, дээрэлхүүлж бүр зовлоо. Харин тэр хүүхдийн далд ухамсар нэг л өдөр түүнийг "сэрээж" чи уг нь мундаг хүн шүү дээ гэж сэтгэл зүрхэнд нь шивнэнэ. Өнөө хүүхдэд хүч чадал жигүүрлэн ургаж, тархи толгой нь ажиллаж, угаасаа мундаг байсан хүүхэд цоо эрүүл ухаанаар сэтгэж амьдралаа өөрчилж, тэр бүх хэцүү үеүдийг аавынхаа хэлсэн үгсийн тусламжтайгаар даван туулж амжилтанд хүрчээ. 
Би гэхэд уншсан номоосоо архи уудаг хүний тухай бишгүйдээ л уншиж жигшиж өссөн. Ар гэрээ яаж зовоодгийг төсөөлөөд л би хэзээ ч ийм хүнтэй суухгүй, би мэдэхгүй суучихлаа гэж бодоход хайртай байсан ч хамаагүй хаяад л салаад л яваад өгнө гэж боддог байлаа. Өсвөр насандаа шүү дээ. Тэгж байтал хөдөөнөөс шилжиж ирэн одоо талийгч болсон хамаатны ах минь архи уудаг, агсардаг байв. Ээж аав, ах дүү хоёр дуудагдан орж зохицуулалт хийнэ. Эхнэр нь ч зүгээр байдаггүй байсан. (Гэхдээ эхнэрийг би буруутгадаггүй, олон жил тийм хүний хажууд байгаад ааш нь эвдэрсэн байх гэж боддог) Ингэсээр  миний бодол бүр баттай болж өслөө.
Ийм байсан болохоор би архи уудаг хүнд хамгаас дургүй. Баяр ёслолоор хааяа нэг хүртэж болно. Үгүйсгэхгүй. Би өөрөө ч хурим найр, найз нөхөд гээд дарс пиво уудаг. Гэхдээ согттолоо биш. Нөхрөө бол хааяа нэг шоудахад нь нилээн дургүй талдаа шүү. Тэгээд муудаад ороод ирэхэд нь ч, үнэртүүлээд ороод ирсэн ч миний хувьд бараг л адил. Муудсан хүн бол хамгийн жигшмээр. Хэрвээ тэр олон удаа ингээд байвал би бараг дорхноо л хайргүй болох байх. Бараг л салмаар санагдана. Тэгээд ер нь ойр хавьд олон жишээ байна дөө. Архи хүртчихдэг хүний ар гэр үр хүүхэд нь нэг л өөдөлдөггүй нь бүр батлагдаж харагдаад байдаг шд. Уудаг хүмүүс нь ч ааш зан нь нэг л хачин. Тархины өч төчнөөн эд эсүүд үхдэг, тийм дутуу эстэй хүн яаж ч эрүүл саруулаар бодож сэтгэж амьдарч чадах вэ дээ...

Мөрөөдлөө биелүүлэхэд далд ухамсарын тусламжыг нилээн авах хэрэгтэй гэсэн. Өнөөх мөрөөдлийн самбар... Энэ бол энгийн жишээ. Тэгээд дотроо бол мөрөөдлөө хүршгүй оргил гэж биш, өөрөө аль хэдийн дунд нь ороод холилдоод явж байна гэж бодож төсөөлөн, ургуулан бодох дуртай гэж байна. Ээж аав, гэр бүлийн зүгээс хүүхдийн хар бага насандаа далд ухамсарыг нь аль болох сайнаар суухад дэмжих ёстой. Чи энэ янзаараа архичин юмтай сууна даа гэж уурандаа охиноо загнаад байвал өнөөх нь архичин юмыг тэрхэн хоромд төсөөлж бодсоор байгаад нээрээ л суучихаж магад шүү. Нисгэгч болно гэсэн хүүхдээ шоолоод, чадахгүй ээ тэр чинь хэцүү гээд байвал ирээдүйн тэр нисгэгч өөр хүн болох нь тодорхой... Эсрэгээрээ эхний жишээ шиг, чи ийм мундаг, чи бүхнийг чаддаг хүн шүү гээд л толгойнд нь суулгаад байцгаая... Хожмоо зовлонг гэтлэхэд нь маш том нэмэр сэтгэлийн тэнхээ болно шүү.

No comments:

Post a Comment