Wednesday, January 9, 2013

Хоол ба эрүүл мэнд, ярилцах уу

Нэг удаа би нөхөр, хадам ээж хоёрыгоо жаахан цаашлуулж, "Загасчны морь усгүй гэдэг шиг тогоочийн хүү гэхэд үнэхээр буруу хооллох юм аа" гэж билээ. Хариуд нь ээж, "өө эднийг чинь юун анзаарах, өглөө гараад орой ирдэг, эд өөрсдөө л хүн болсон" гэсэнсэн. Одоо цагт ингэж хэлээд суух эрхгүй болжээ, та бид. Хүнсний аюулгүй байдал болохоо байлаа, энэ бүр үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж эхэлсэн тухай ам уралдан ярьдаг улс орны асуудал маань миний бяцхан гэр бүлд ч маш том асуудал ажээ.

Хэд хоногийн өмнө MN-25 сувгаар эрүүл мэндийн нэвтрүүлэг үзлээ. Нийтлэг тохиолддог зүрх судасны өвчний талаар "Хүмүүн" эмнэлэгийн Ерөнхий эмч ярьж байна. Манайхан ерөөсөө маш буруу хооллоод, одоо түүнээсээ болоод хэт өвдөмтгэй болж, үхэл рүү явах гол шалтгаан болоод байгаа нь эмчийн яриагаар ч, сүүлийн үеийн үзэж харж байгаа нийтлэл, мэдээллүүдээс ч тодорхой болсон. Зүрх бол маш том шахуургын систем. Тэр цусыг миний биеийн өнцөг булан бүр рүү шахаж, буцаад сорж татаж эргэлтэнд оруулж байдаг булчин. Хүн гар, хөл, хэсэг газраа хөдөлгөхөд тэдгээрийн булчин ажилладаг байхад, зүрх бол өөрөө ажиллаж байдаг цор ганц булчин аж. Цус хэвийн жигд хэмнэлээр урсан өнгөрөхөд судас хэвийн байх ёстой. Гэвч судас маань дотроосоо бохирдож, янз бүрийн зүйл наалдан өнгөр тогтсоноос цус гүйх ёстой суваг маань нарийхан болдог байна. Зүйрлэвэл, бидний халаалтын паарны хоолой шиг юм уу даа. Ингэж өнгөр тогтоож, бохирдуулдаг гол "дайсан" бол амьтны гаралтай Өөх. Тиймээс бид ядахдаа малын махнаас гаргаж авсан аливаа тосоор шарсан хуурсан зүйл идэхгүй байж, махыг бүр өөхнөөс нь салгаж байж идэх ёстой. Өнөөх амтархан иддэг боорцог, хуушуураа ургамлын тосонд болгож идэх нь. Ингээд гурван цагаан хор маань зүгээр ч нэг биш томхон хор боллоо.

Цусны даралт ихдэх өвчнийг эмч ингэж тайлбарлалаа. Өнөөх судсууд маань овоо жигд байснаа нэг хэсэг газар нарийссан байлаа гэж бодоход, жигд урсаж байсан цус нарийссан тэр хэсэгт бөөнөөрөө цуглан очиж даралт үүсгэдэг байна. Хар үгээр хэлэхэд энэ бол цусны даралт ихсэж буй хэрэг. Гэхдээ асуудалтай эрхтнээс шалтгаалан даралт ихсэж болно. Мэдээж асуудалтай эрхтэн цус оруулж гаргахдаа ч асуудал үүсгэх биз ээ. 

Ойр дотны хүмүүс яг л зүрхээр, даралтаар "яваад" өгдөг бид уг нь хоололтондоо л анхаарчихвал болох ажээ. Саяхан болтол би юу авч хоол бэлтгэхээ мэдэхгүй, зарагдаж буй ногоо, жимсэнд төдийлөн итгэдэггүй байсан. Гэхдээ одоо бол дүүрсэн хэрэг аль болох олон янзаар нь авч байя гэж саналаа. Үнэхээр эмэгтэйчүүд бид чинь эмчийн ярьснаар гэр бүлийнхээ эрүүл мэндийг хүнс талаас нь хариуцсан хүмүүс юм. Ц.Оюунгэрэлийн "Гэрт болсон яриа" номонд дурдсанаар төрөл бүрийн байцаа мэтийн навчит ногоонууд, А витамин ихээр агуулдаг улаан, улбар шар өнгийн лууван мэтийн ногоонууд, нэрс, аньс, чацаргана мэтийн ориг жимсээ үргэлж хэрэглэх ёстой аж.

Зүрх нь өвдөх болсон аав минь мах, өөхнөөс буцдаггүй нэгэн. Ихэнхдээ өдрийн бараг 3 махан хоол иддэг, ногоонд жаахан тиймхэн. Гэвч одоо яая гэхэв үгэнд орох шинжгүй. Цаашид үр хүүхдээ л багаас нь зөв хэвшилд оруулая гэж бодох болов. Сүүлийн саруудад би хоол хүнсэндээ их анхаарч,чанасан өндөг идэхдээ давс шүүрээд авдаг хүүхдүүдээ ямар ч байсан болиулж.  Сүүтэй цай дандаа уухгүй, хөвсгөлийн ногоон цайгаар хар цай чанаад өдөртөө уучихдаг, далайн байцаа төмөр, өндөг уураг агуулдаг учир мах идэхээс дургүйцээд байгаа охиндоо байнга өгч байна.

"Гэрт болсон яриа" номонд дурьдсанаар ер нь зөв хооллоно гэдэг бол ерөөсөө л олон янзын зүйлийг ойр ойрхон идэх хэрэгтэй аж. Бид өглөөдөө боорцог юмуу талх идээд, өдөртөө бас боорцог юмуу талх, эсвэл хоносон хоолоо идээд орой болгон мах гурил, ногоогоор (сонгино, лууван, байцаа , төмс) хийсэн хоолоо идэх буруу юм байна. Аль болох олон төрөл зүйлийг ходоод руугаа хийж байвал, ходоод болон энэ бие минь баярладаг гэнэ дээ. Бас хэт өлсгөлөн явахгүй, хэт цадталаа идэхгүй байх чинь зөв хооллолт гэж ярьдаг. Аль нь ч гэсэн бага багаар олон идэхийг дэвшүүлж байгаа биз.
Эхэнд өгүүлсэн ээж минь насаараа тогооч хийсэн харахад тарган цатгалан хүн бий. Гэвч цусны даралт аймшигтай ихтэй, мөнхийн шахуу хавантай байдаг, дээр нь цөсний чулуугаа хэдэн жилийн өмнө авахуулсан, хөлийн судас бүдүүрсэн (энд тэндээ аймар товгор гүдгэрүүдтэй),  хөл нь байнга өвддөг гэх мэт өвчтэй, өөх тосонд нугасгүй дуртай, хоолонд тийм ч муу биш хүн л дээ. Хараад ажиглаад байхад даралт, хаван, цөс гээд бараг бүгд л өөх тослог хоол, босоо зогсоо ажилладаг зэргээс болсон шиг байна. Хүн босоо ч байна уу, суугаа ч байна уу ямар ч ажил хийж болно, гагцхүү идэвхитэй хөдөлгөөн бас маш чухал ажээ. Тогооч ээж байлаа гээд нам засгийн даалгавар, үзэл суртлын хүчээр үр хүүхэд, гэр бүлээ мартан эх орныхоо төлөө хайр найргүй зүтгэх ёстой гэж олон хүн ойлгодогийн нэг нь ээж учраас буруутгах аргагүй биз ээ.

Эмчийн хэлснээр 7 хоногийн 5 өдөр идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй, идэвхитэй хөдөлгөөн гэдэг нь 30 минут цэвэр агаарт алхах, эсвэл 30 минут сагс тоглох, бүжиглэх зэрэг гэнэ. Хөдөлгөөний талаар дараа бичье.
 

No comments:

Post a Comment