Saturday, October 26, 2013

Мэдрэлийн ядаргаа

Мэдрэлийн ядаргаа гэж нүдэнд үзэгдэж харагдаад байх юмгүй мөртлөө их ноцтой зүйл байна шүү. Мэдрэлийн өвчин гэдэг чинь, компьютераар бол вирустсэн компьютер боллоо л гэсэн үг, бүдүүлгээр ярихад.

Мэдрэлээ ядраахгүй, амрааж байхын тулд яах вэ гэж би мэдрэлийн эмчээс асуулаа. Телевизор бага үз, компьютер бага ширт, их дуу чимээнээс хол бай гэж гуравхан юм хэлэв. Ингээд би мэдрэлийн ядаргааны талаар юу боддогоо хуваалцая.


 ТВ ч яахав хэзээний бага үздэг, үздэггүй гэхэд ер нь болно. Компьютер бол арай их ширтдэг байсан нь үнэн, гэхдээ одоо багассан, их дуу чимээтэй орчин байхгүй юм чинь за болж байнаа байна. Тархинд нүд, чих хоёр маш их ачаалал өгдөг гэнэ. Залуус нүд чих хоёр ядарлаа гэчихээд л тв үзээд, чихэвч зүүгээд яваад байдаг. Гэхдээ би чихэвчийг үзэн яддаг хүн л дээ. Хавь ойрын хүний чихэвчийг тас огтлоод хаячихмаар л санагддаг. Ямар олиг байхав дээ, та нар бодоод үз. Хэн нэгэн чанга хашгирах, орилох, машин сигналдахад бид цочиж уурлаж тавгүйтдэг. Гэтэл чихэн дотор хэдий аялгуу сайхан дуу байлаа ч гэсэн байнга орилоод байвал энэ муу чих яаж тэсэх билээ. Хэдэн жилийн дараа сонсголын асуудалтай хүмүүс олшрох байх гэж би хувьдаа таамагладаг.

Нүд. Ээж орой ирээд хоёр со кино угсруулаад үздэг. Тэгээд даралт нь ихдээд, эм, аппарат болно. Толгой нүцгэн их явдаг байснаас тархины судас нарийссан байх гэж ээж өөрийгөө боддог. Тийм ч байх, угаасаа монголчууд бид тархины судас нарийсалт өндөртэй. Нарийссан судсаар цус ханатал гүйхгүйн улмаас цусан хангамж мууддаг. Цусаар олигтой хангагдаж чадахгүй зүдэрч байхад нь бид нэмээд тв, интернэт зэрэг янз бүрийн зүйлүүдийг тасралтгүй ширтэж нэмэр өгдөг. Өнөө тархи ачааллаа дийлэхгүй зүдэрч, даралт зүрх юу байдгийн нөлөөлж, мэдрэлийн тогтолцоо маань алдагдаад, хэвийн биш болдог гэж би ойлгодог юм. Харин залуу хүмүүсийн хувьд мэдрэл тархи нь зүгээр гялалзтал сайхан ажиллаж үүргээ биелүүлдэг байж болно. Гэхдээ тархи тэртэй тэргүй нүдний авчирч өгч байгаа хангалттай мэдээллийг боловсруулаад байж байтал, дээр нь нэмээд тэр цахилгаан хэрэгсэл компьютер гээч юмыг ширтээд өндөр ачаалал өгөөд байна шүү дээ. Өндөр ачаалал байнга өгөөд байхаар нүд, тэрнээс цаашлаад тархи маань юу болох нь тодорхой.

Нойр багатай, сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орчих гээд байдаг талтай гэнэ лээ. Мэдрэлийг амраах гол зүйл сайн унтаж амрах. Мэдээж хоол бидний биеийг тэр чигт нь л тэтгэх учиртай. Гэтэл бага насны цовоо хүүхдүүд хөдөлгөөн нь ихдэж, бага унтсаар байгаад ядаргаанд орчихдог гэсэн. Тиймээс хүүхдүүдээ унтаж байвал аль болох баярлаж байгаарай. Унтаж байхад нь түүний бие тогтолцоо, ухаан санаа тайвшран амарч, цаагуураа хөгжил нь явагдаж байгаа. Мэдээж өсөж томроод ирэхэд нь унтах ёстой цагт нь унтуулж, сэрүүн үедээ сэрүүн л байхыг би шаардана. Тэрнээс биш өдөр нь ногоортлоо унтаад, шөнө нь унтахгүй хөгжим сонсоод, пс тоглоод гиеүрээд байж болохгүй л гэж боддог.
Бас тархийг амраах эм бол ерөөсөө л хүчил төрөгч. Агаар бол үнэхээр маргашгүй эм, хоол хүнс л гэсэн үг. Байн байн цэвэр агаар оруулж, агаар солилцуулж, зундаа болж өгвөл агаарт амарчихдаг байхыг би болон ээж аав маань эрмэлздэг болохоор хүүхдийг минь бага байхад намайг хамт чирээд, томроод ирэхэд нь хүүхдийг минь аваад хөдөө явчихдаг байлаа. Одоо бүр насжаад ирэхээрээ зундаа дүүгийнхээ хажууд гэр барьж гараад, мань хэдийн хамаг хүүхдийг хамаад аваад гарчихна гэж ярьдаг юм. Бидний эрүүл мэндийг бодоод тэр шүү дээ. Миний мэдэх зундаа лагерьт торнисон хүүхдүүд хамаагүй чийрэг байдаг шүү.
Мэдрэл гэдэг чухал болохыг  алхам тутамдаа л ойлгож, энэ талаар анхаарч уншдаг. Миний ойлголт алдаатай зөрүүтэй байж магадгүй л юм. Гэхдээ яахав, ямар ч байсан  авахыг хүсч байгаа арга хэмжээнүүд маань нэг их буруудаад байхгүй л зүйл болов уу.

1 comment:

  1. Ямар вэ? гэсэн асуултын хариултуудад сүпер гэж оруулмаа юм байна шүү. Хэрэгттэй мэдээлэл байна. Баярлалаа

    ReplyDelete