Monday, February 25, 2013

Аяа миний арван найман нас...

Арван найман нас минь, дуун дээр гардаг арван найман нас шиг л өнгөрчээ. Би яг энэ насандаа чамдаа дурласан. Урьд өмнийн 2-3 жил дасчих гээд л, дасчих гээд л... Гэхдээ тэр хайрын сэтгэлээр дасах биш, ердөө л надтай ярилцдаг үе тэнгийн эрэгтэй хүн нь чи байсан болохоор л тэр. Ангидаа очоод ангийнхантайгаа ойр зуурын юм ярьж марзаганана, гэртээ ирэхээр гэрийн жирийн яриа. Харин чи л оройдоо ганц ирж юм бүрийн тухай ярилцдаг байж.


Харин арван найман нас хүрсэн жил, тэртээ доор явж байгааг чинь цонхоор хараад сууж байснаа гэв гэнэт л зүрх булиглаад догдлоод ирсэнсэн. Дурлал хайр гээч нь нисэн ирж, зүрх рүү минь нэвт үлээж орж ирээд хамаг биеийг минь бүрхээд авлаа. Алдана уу, ононо уу хамаагүй би чамд л ганцхан хайртай, чи намайг хайрлах эсэх чинь хамаагүй гэж бодогдоод л... Өөр бас бус юм бодсон л байх.

Арван найман насны минь аз гийж, удалгүй чи минь над дээр дахин ирдэг боллоо. Гэхдээ арай өөрөөр... Эмэгтэй хүний зөн совин минь тэгэхэд алдаагүй, чамайг мэдэрч чадсан. Чадахаар барах уу урьд өмнийн 2-3 жилийн над руу ярилцах гэж ирдэг чамайг арай... гэж үе үе бодож байсан маань ч алдаагүй байжээ. Бас гудамжинд таарахаараа нэг л "сонин" нүдээр хардаг байсныг чинь би бас л анзаарчихаад, за за үгүй байлгүй дээ гэж өөртөө хэлээд явдаг байсан маань үгүй биш, тийм л байсан байж шүү.

Хэд хоногийн өмнө, тэртээ 90-ээд оны сүүлээр гарч байсан "Тавилан" киног телевизээр гарахыг нь үзлээ. Гол дүрийн залуу анхны хайрдаа үнэнч, хязгааргүй хайртай, тэгсэн мөртлөө ёстой эр хүн шиг хандаж байгааг нь хараад хүндэтгэх сэтгэл төрлөө. Эрчүүд яг ийм л байвал сайхансан.

Миний санахад, намайг 17-той байхад тэр кино гадуур гарч, намайг чи, хамт үзэх үү хэмээж билээ. Харин би татгалзсан. Өнөөх л урьд өмнийн 2-3 жилийн үед болсон бас нэг мартагддаггүй үйл явдал энэ юм. Харин арван найман нас минь чи энэ бүхнийг төгсгөл болгож эцэс төгсгөлгүй дурлал хайр болгон хувиргасан билээ. Чам руу өдөр шөнөгүй зүрх сэтгэлээрээ, эд эс бүхнээрээ санан тэмүүлж байхад харин чи минь ирсээн. Ирэх ирэхдээ өөрийнхөө зүрх сэтгэл, хайр дурлалыг хамтад нь бас авчраад миний хайртай нийлүүлж орхисон. Ингээд чи бид хоёрын ариунаас ариун үерхэл эхэлсэн. Би азтай хүн. Хүүхдийн ариун гэгээн үерхэл надад харин ч урт хугацаанд байсан юм шүү. Чи манайд ирдэг, хоёулаа өнөөх хамаг юмаа хамж шимж ярьсаар нилээд хугацааны дараа чи дөнгөж гарыг минь атгадаг болсон. Дахиад өчнөөн сарын дараа чи миний хацар дээр үнсчихээд явдаг болсон. Бас духан дээр үнсэнэ. Харин нэг л өдөр гэв гэнэт уруул дээр үнсэж билээ. Ингэж явсаар бараг 2 жилийн дараа, гуравдугаар сарын тэр нэг шөнө охин нас минь чинийх болсон. Чи үүнийгээ одоо ч мартдаггүй юм билээ. Ингээд бодохоор бидний үерхэл ямар гэгээн, ариухан нандин байж вэ. Өдөр болгон амттан шимттэн, баяр бүхнээр бэлэг сэлт болохгүй ч, чиний хайрлан хямгадаж авчирч өгсөн ганц чихэр, шоколад, сэтгэл шингэсэн бүхий л бэлгэнд чинь би баярладаг байлаа.
Дахиад гурван жил чи бид хоёр хүүхдийн гэнэн цагаан үерхлээр гэхээсээ илүү залуу хосуудын замналаар амьдарсан. Тиймээ, бурхан надад хүүхдийн гэнэн үерхлийг ч, залуу хосуудын чамлалтгүй гурван жилийг ч өгсөн, би азтай эмэгтэй.

No comments:

Post a Comment