Monday, February 25, 2013

Би адал явдалд даанч дургүй

Хүн болж төрсөндөө баярладаг, талархдаг гээд олон хүн ярьдаг. Харин би энэ тухай огт боддоггүй. Хүн болж төрсөн бол төрөө л биз, амьтан болж төрсөн бол тэр л биз, юу ч болж төрөөгүй бол төрөөгүй л байна биз. Ялгаа юундаа байгаа юм. За яахав хүн болчихлоо. Хүн болчихсон юм чинь жаргал зовлонтой амьдрал үргэлжилж, түүн дунд нь би тонгочихгүй гээд яанам бэ. Гэвч нэг л зүйлд хайхрамжгүй байж ердөө болохгүй. Юу гэвэл, нэгэнт хүн болоод төрчихсөн л бол хүн шиг л байх ёстой.


Маш зөв амьдрах юмсан л гэж бодох юм. Бид онгироо сагсуу, их зантай, уйлчихдаг, дуулчихдаг, гар зөрүүлбэл зөрүүлчихдөг, уувал ууна, дарвихаа хүрвэл дарвичихна, авгай хүүхэн эргүүлбэл эргүүлчихнэ, тэгснээ эхнэрээ хөөрхөн панаалдчихна, эрхлүүлнэ бас, ер нь тийм нэг "шилийн сайн гарууд"-ыг жинхэнэ хүн хэмээн хөөргөдөг. Монголчуудын зан энэ үү. Надад нэг их таалагддаггүй юм. Ийм л хүмүүс амьдралыг адал явдалтай, ээдрээ нугачаатай, зовлон гунигтай болгох юм даа. Харин би адал явдалд даанч дургүй. Би ийм унтаа хүн юм байх даа.
 Надад бол хүн ёсоороо ухаалаг дөлгөөхөн хөдөлмөрч энэрэнгүй гээд магтаалын чанарууд олон байх тусмаа л гоё. Яагаад хүмүүс ийм байж болохгүй юм бэ. Яагаад хэдхэн настай хүүхдээс ч долоон дор сэтгэж, арчаагаа алдах нь алдаж, амнаасаа хараалын заваан үг урсгаж, амин хувиа хичээж явах юм бэ. Бодоод байсан сайн найз маш ховор юм.

No comments:

Post a Comment