Saturday, October 26, 2013

Хэрвээ би цэцэрлэг хариуцдаг дарга байсан бол...

Хэрвээ би улсын цэцэрлэгийн дарга юмуу, тэднийг хариуцдаг дарга байсан бол нэг зүйлийг заавал оролдож, бүтээхийн төлөө гүйх байсан. Цэцэрлэгийнхээ хэмжээнд орой 5 цагт авах боломжгүй 3-5 настай хүүхдүүдийг бүртгээд нэг ангиас хэтрүүлэлгүй тоогоор анги бүрдүүлнэ. Оройдоо жижүүрээр 2 багш томилж 7 хүртэл илүү цагаар ажиллуулна. Бас нэг тогооч томилж таарах байх.


Үндсэн багш, туслах багш хоёр жижүүртэй өдрөө энэ нэмэлт ангийг харж байгаад яг 7-д тараана. Эцэг эхчүүд гэрээ хийж, цагийг нь үнэлж төлбөр төлнө. Тэр төлбөрийн мөнгөөр жижүүрлэсэн хоёр багшаа цалинжуулна. Тогооч нар өдрийн хоолоо бэлдэхдээ нэмээд жаахан хоол бэлдчихнэ. Жижүүр багш оройдоо 6 цагийн үед хоол цай нэмэлт ангид маань өгнө. Энэ нэмэлт хоол цайнд шальтай юм орохгүй, өдрийн хоолноос хангалттай илүү гаргая гэвэл зохицуулж болно, би мэдэж байна. Үнэхээр болохгүй гэвэл яадгийн 7 хүртэл хүүхдээ өгсөн эцэг эхчүүдээс нэмж гаргуулах хэрэгтэй. Хүнийг өдөрт 8-аас илүү цаг ажиллуулах ёсгүй ч, ажиллаж байгаа илүү цагийнхаа мөнгийг авч байгаа, авахгүй ч байгаа хүмүүс монголоор дүүрэн байгаа юм чинь болохгүй гэх газар алга.

Тэтгэвэртээ гарсан ч хөдөлмөрийн чадвараа алдаагүй багш нарыг оройдоо ирж нэмэлт цагаар ажиллуулах талаар судалж байгаа гэж хэн надаа хэллээ, нэг тийм сураг дуулдсан шүү. Үнэхээр манай систем буруу. Төрийн албан хаагчид 5 цагт тардаг, хувийнхан 6-д тардаг. Харин цэцэрлэгүүд орой 5.30 хүртэл тараадаг, за яахав сунаад сунаад 6 хүргэдэг. Зарим цэцэрлэгийн багш цаг хэтрүүлсэн хүнээс цагийн 2000 билүү торгууль авдаг журамтай гээд ганц нэг авч байхыг ч би харсан.  Ингэж мэр сэр авч байгаа юм чинь, нэгэнт журамлаад өгчихвөл болдоггүй юм байх даа.

Нөгөө талаар эцэг эхчүүд бас хариуцлага үүрэх хэрэгтэй. Хэрвээ тохирсон цагаасаа удаа дараа хожигдуулаад аваад байвал хүүхдийг нь нэмэлт ангидаа болих хүртэл арга хэмжээ авч болно. Цагаа л нарийн сайн тохиролцох хэрэгтэй. Бас 3-аас доош насны хүүхдийг авахгүй байх хэрэгтэй. Хэтэрхий жаахан байна, их анхаарал шаардана, эцэг эхчүүд илүү хамт байх хэрэгтэй учраас авахгүй байх нь зөв. энэ насны хүүхдийг цэцэрлэгт өгөөд ажилд ордог юмаа гэхэд тэгж их хүүхдээ хаян барин хөдөлмөрлөх гээд зүтгэх хэрэггүй, хүүхдээ бас давхар анхаарах хэрэгтэй байдгийг ойлгоно биз ээ. Ойлгохгүй хүмүүст нь тэгээд авахгүй байх журамтай гэвэл болоо биз ээ. Ер нь дарга нарт, ер нь хаа газар сэтгэл дутаад байна аа, дутаад байна.

No comments:

Post a Comment