Monday, December 17, 2012

Цахим ертөнцөд биеэ зөв авч явах нь

 Хэдэн сарын өмнө хамаатны дүү баахан зураг фэйсбүүктээ оруулчихаж. Өөрийнхөө ганцаараа болон бусадтай авахуулсан, бас өөрийнхөө биш "миний эгч" гээд хэдэн жаахан охидын зураг тавьчихажээ. Тэр "бусад"-ын дотор миний ч зураг тууж явав. Эвтэйхэн хэлэв, "миний дөө, ингэж хамаагүй хүний зургийг дураараа тавьж болдоггүй юмаа, нэг бол асууж байж тавь, тэр хүн чинь дургүй ч байж болно шүү дээ..." Удаагүй дүү өөрт хамааралгүй зургаа "буцаачихаж".


Сүүлийн 5 жил цахим ертөнцөд идэвхитэй амьдарлаа. Юу хэлж, яаж байх нь миний дур, энэ бол зөвхөн миний чөлөөт ертөнц, яасан ч миний дур гэж тунхагладаг хүмүүс ихэнхдээ энэ ертөнцийнхөн. Гэвч бид мэдэгдэхүйц олон болсноор бас ч гэж энэ мэтээр дураараа дургиад байж болохгүй болов. Яагаад гэвэл миний эрх ашиг бусдын эрх ашгийг хөндөж ч магадгүй болоод тэр.

Саяхан ах бас дээр үеийн гоё зургууд оруулчихаж. 1-2 настай байхаас авахуулаад, талийгч болсон хүмүүсийн зургууд хүртэл байнаа. Талийгч нарын зураг эвгүй байна, бас би зургаа тавьмааргүй байна гэдгээ хэллээ. Одоо яая гэхэв хүн бүрийг ингэж хянаж чадахгүйгээс хойш, зарим нэг зураг явж л байхаас гэдэг л болов. Ер нь бол цахим ертөнцөөр ойр дотнын хайртай хүмүүсийнхээ зураг хувийн мэдээллийг тараахгүй байхыг энд тэндхийн зөвлөгөө дунд №1-т жагсаж явдаг. Гэвч хүмүүс бие биендээ үзүүлэх зорилгоор ч юмуу байршуулдаг... үүнээс улбаалаад хүүхэд барьцаалах ч юмуу, орон гэрт нь хулгай зэлгий орох гэмт хэрэг гартлаа өдий л дөө (монголоор сэтгэж байна), гэвч юмыг яаж мэдэхэв (гадаадаар сэтгэж байна).

Өөр нэг зүйл гэвэл комментууд бол эх захаа алдсан. Үүнийг хэлээд ч яахав. Амнаас хэцүүхэн унадаг үгүүдээр бие биеэ бичгээр бол тоохгүй нэрлэж чаддаг. Алдартай одын зургийн доор, "энэ чинь тэнд түүнтэй хамт нэг сургуульд сурч байсын" гэх юмуу эсвэл, "энэ тэрэнтэй олон жил явалдсан" гэж хүний өмнөөс хэлэх хэрэг ер нь байгаа ч юмуу, үгүй ч юмуу...
Нөгөө нэг нь баахан задгай хувцасласан голдуу зургуудаа тавьж, хүмүүсээс sexy юмаа, тачаангуй юмаа чи гэдэг коммент цуглуулах сайхан ч юмуу, үгүй ч юмуу. Ёстой л миний яасан ч дур юм даа, энэ ертөнцөд. Ганцхан миний эрх ашиг бусдын эрх ашгийг л хөндөхгүй байгаасай, тийм үү...

No comments:

Post a Comment