Friday, November 30, 2012

Шинэ зууны хүүхдүүд

Эргэн тойрны юмс үзэгдэл, тэр ч байтугай хүний үзэл бодол төлөвшил, ертөнцийг үзэх үзэл байнга хувьсан өөрчлөгддөг байдаг нь гарцаагүй үнэн билээ. 20 гаруй жилийн өмнө дөнгөж сургуулийн босгоор алхахад юм бүгд их өөр байж. Шууд ангийн дарга томилно, ангийн дарга давуу эрхтэй байна, удирдагч чанар нь илүү хөгжинө, багш нартай илүү дотно байна гэх мэт. Одоо бол үгүй юм шиг байна, лав миний одоогийн мэдэж эхэлж байгаа сургуулийн багш, ангийн дарга гээч юманд нэг л ач холбогдол өгөхгүй байна.



Яахав заавал хэрэгтэй гэвэл нэг хүүхдийг болгочихно, ер нь бараг ээлж ээлжээр олон хүүхдийг хийлгэнэ хэмээв. Нэг хүүхэд нөгөөгөөсөө тодорч овойж оцойх ёсгүй, одоо бол тэгж тэмцэлдэж уралдаж байх цаг биш, суурийг нь зөв тавьж өгөх цаг гэнэм. Бүр өндөр төрлөө гээд ард, намхан нуруутай гээд заавал урд суух, зогсох ёсгүй. Өндөр төрснөөрөө хохирох ёсгүй, намхан нуруутайгаараа завших ёсгүй юм байх. Гэхдээ биесээ хүндлэх сэтгэл, бас ч гэж дэг журам байх ёстой.

Хэрвээ дэвтэр дууссан л бол хавтас нь зэрэг "дуусч" байх ёстой. Бид яадаг байлаа, арвич хямгач байх гээд хавтасаа дэвтэр дамнуулан жил тойрон хэрэглэдэг байж. Одоо бол уг хавтас бөөн бөөн нян тул шууд "төгсгөх" ёстой болов. Тэмцээн уралдаанд явлаа гээд хичээлээ орхиж багш нар түүнийг өргөх ёсгүй. Хэн ч юуг ч амжуулах хэрэгтэй. Хаа хаанаа шударга байх хэрэгтэй.

Даалгавараа мэдэхгүй ирдэг, би даалгаварыг нь авъя гэсэн эцэг эхчүүд, эмээ өвөө нарт бол багш нь шууд NO. Даалгавараа мэдэж ирэхийн тулд тэр хүүхэд өөрөө тэмцэж, сайн тогтоож авах хэрэгтэй болж таарав. 

Хүүхдээ анхаарч байна гээд үзэг дэвтрийг нь өмнүүр нь орж зэхээд, цүнх саван дахь номыг нь бүртгээд байх эцсийн эцэст утгагүй хэрэг болжээ. Цаад 6 настнууд чинь тэр байтугай юмыг сэтгэх чадвартай, чухамдаа л "одооны хүүхдүүд айхтар" болсон цагт энэ бүгдийг өөрсдөө өлхөөн хийчихнэ. Гэхдээ өмнөх нийгэмд буюу миний үед өөрсдөө л энэ бүгдээ зохицуулдаг байсан, гэвч 1-р ангийнхан 8 настнууд байдаг байлаа. Гэсэн ч ямар ч ялгаа алга...

Өөрийнхөө санаа бодлыг ойлгуулж, хэний ч өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй. Учир шалтгаан, аргагүй байдлаа багш том хүний өмнөөс тайлбарлаж чадахгүй бүлтгэнэж зогсох ёсгүй. Юун нөгөө ахмад настай хүний өмнөөс үг дуугарч огт болохгүй вэ... Ёстой л үнэн ялгаа байгаа биз. 

Ай нийгмээ гэж, авах нь авагдаж, хаях нь хаягдаж үе улиран солигддог ажгуу. Нийгэм амьдрал бүр өөр өөрийн үнэ цэнэтэй, авууштай, хаяуштай, алдаатай оноотой эд юм.  

No comments:

Post a Comment