Monday, March 11, 2013

Сэтгэлийн хувирал

Энэ сэтгэл гэгч яг л цаг агаар юм дөө. Заримдаа налгар сайхан тайван байж нар шиг гэрэлтээл, заримдаа бүүдгэр өдөр шиг дүнсийчих юм, бүр заримдаа усан бороо шиг асгарч үерлэж өгөх юм даа. Яалтай ч билээ, энэ сэтгэл заримдаа юунаас ч үл хамааран дур зоргоороо хувирч бие, зүрх ухаанаар минь тоглочих юм.

Энд яг юу нөлөөлөөд байдгийн бол доо. Биеийн байдал нөлөөлдөг юм болов уу. Эрүүл мэнд үү, цаг агаар уу, агаарын даралт уу, насны хямрал уу энэ тэр... Бодоод байхад уншсан ном, үзсэн кино, уулзсан хүн тэгтлээ сонин болгож хүндрүүлэхгүй л байх шиг.


Нэг болохоор юу ч болж байсан бухимдахыг үл тоож, за яахав яахав гээд цаанаасаа л тайван оршоод байх, нөгөө болохоор уурлах шалтаг байхгүй байхад чинь л эрт урьдын гомдол нэхэгдэн орж ирээд юунд ч юм уур хүрээд үерлээд халиад асгараад живүүлэх шахах юм даа. Уур бухимдал гэгч заваан хар хүлээс хамаг биеийг минь бүрхээд авбал тэгээд би өнгөрөх нь тэр. Хэнбугайд ч уураа гаргаад л, загнаж зандарчих гээд л, амьдрал утгагүй санагдаад л, хэний төлөө юуны төлөө би байгаад байгаагаа ойлгохоо болиод л, хэнд ч юм туниад л, нулимсаа сад тавиад асгамаар ч юм шиг. Мэдэхгүй ээ, ер нь. Уг нь би ийм байдалд ормооргүй тайван сайхан, өнгөлөг, гэгээлэг, жаргалтай мишээгээд явж баймаар байх юм. Тэр иог бясалгал энэ тэрийг нь сонирхдог ч юмуу, яамаар ч юм бэ дээ.


No comments:

Post a Comment