Thursday, August 1, 2013

Эхийн сэтгэл аргагүй №1 юм

Эхийн сэтгэл аргагүй №1 юм гээч. Ингэлээ л дээ. Аав ээж хоёр минь нүүдэл хийв. 20 жилийн хур юмыг нүүлгэсэн гээд төсөөл дөө, та нар. Зөвхөн аавын төмрийн хог 1 тонн шахуу болсон гээд л бодчих. (Аавын амь амьдрал ер нь машин тэрэг, төмөр л дөө.) Бид очоод тусаллаа. Түр зуур зарим юмаа хийчихье, амбаар сав чинь сул уу гэтэл ээжийн хамгийн бага эмэгтэй дүү нь зайгүй гээд хавьтуулдаггүй шүү. Тэр ч байтугай нүүсэн 2-3 өдөр ирээд юм өргөдөггүй юмаа гэхэд худлаа үнэн бараагаа ч харуулсангүй. 


Хүргэн ах тэр хоёр гэртээ амарч байгаа мөртлөө таг чиг. Муу ээж минь гомдов. Ирээд тус болдоггүй ч аяга хоол хийчихээд дуудах ч сэтгэл байсангүй. Цагтаа тэднийхээ төлөө хөлөө хугалах шахам явж, одоо ч гэсэн амьдралд нь тус нэмэр, томоос том нөмөр нөөлөг болоод явдаг аав ээж хоёрыгоо өрөвдсөн ч гэж жигтэйхэн. Ээж аминдаа ийшээ тийшээ явахдаа хамт явах уу гээд л хаа хол хөдөө байсан ч хүүхэд шуухадтай нь чирээд л явдгийн. Өнөөх нь даанч үе үе амин хувиа хичээгээд ээжийг гомдоогоод байдаг юм. Бас нэг эрэгтэй дүү нь ч үзэгдсэнгүй. Хар багаасаа маниус шиг амьдралаа цогцлоохдоо л аав ээж хоёрыг бараадаад, зарим нь ч орон гэрээ бараг л бэлдүүлсэн, зарим нь ч 90-ээд оны их нүүдлээр хотын айл болох гэж нүүж ирэхдээ мөн л бараадаж байж орох оронтой болцгоосон юм байж, одоо таг мартчихдаг улс юм даа. (Энд тэнд хямдхан байшин сууц гармагц ээж аав хоёр мөнгөө шавхаад зээлж нэмээд ч хамаагүй авчихдагын. Тэгээд тэр хэдийгээ энд амьдарч бай гээд оруулчихдагийн. Хэсэг хугацааны дараа өнөөдүүлдээ за яахав тэдийг өгөөд авбал ав, за яахав энд жаахан мөнгө нэмэрлэчих тэгээд танайх бүүр ав гэх мэт өгчихдөг байсын). За энэ ч яахав, ээж аавын минь буян бидэнд бас ирж байгаа ирж байгаа, гомдох юу байхав, ажил төрөл минь бүтэмжтэй сайхан л байна.

Ингээд ээж минь илүү дутуу юмаа ээжийнх рүүгээ (эмээ) зөөв. 86 настай эмээ минь яасан гээ... хоол ундтай угтаж аваад л. Маргааш нь дахиад юм аваачих гээд очтол аль хэдийн амбаар саваа өөрөө янзлаад зай гаргачихсан, дахиад хоол хийчихсэн догь сууж байгаам даа. Эхийн сэтгэл үнэндээ агуу юм...

Одоо ээж аав хоёр миний дэргэд түр байгаа. Эндээ хэсэг байж байгаад Австрали руу дүү дээр очих гэж байгаа юм. Би ойрдоо ажил ихтэй,  компьютер дээрээ таг сууж байгаа л даа. Тэгсэн өчигдөр яасан гээ. Ээжийг гаднаас орж ирэхийн өмнө нэг цай ууж аваад сууж байсан, ээж ирээд юм хум идсийнмуу жаахан амраач гэнэ. Идсээн, идсэн, одоо юм идэхгүй гээд сууж байтал банан идээч гэнээ. Идэхгүй ээ гэсэн чинь хэсэг байзнаснаа арилгаад тавганд хийчихсэн өрөөнд оруулж өгч байна. Тэгээд яахав идэхгүй цатгалан байсан хүн юу байхав шууд аваад идчихсэн. Тэгээд намайг юм хийгээд суухаар, цай уух уу л гэх юм, юм идээч л гэх юм. Эхийн сэтгэл ёстой №1 юм даа. Энэ хорвоод ээж аав хоёр шиг биднийг үүрд мөнх, буруу ч зөв ч юм хийсэн бай туйлын үнэнчээр хайрлах хүмүүс ёстой байхгүй юм дөө.

No comments:

Post a Comment