Monday, March 11, 2013

Байгаль ба амралт

Бага байхдаа зун болгон хөдөө явдаг байж билээ. Замд давхиж байхад нар жаргахыг харах үнэхээр үзэсгэлэнтэй. Тэнгэр тэр чигтээ гал улаан болж, түүнээсээ ийш тийш цацран, үүлтэй холилдож сүүдэрлэж улбар шар, хүрэн улаан гээд уусалттай хувирна. Өдрийн цэв цэнхэр тэнгэр цав цагаан үүл маань оройдоо ийм төрхтэй болчих нь гайхалтай.

Дүү, "хөөх тэр тэнгэрийг хараач" гэнэ. Дүү ч гэлтгүй бид цөмөөрөө гайхан шагшаад явдаг байжээ. Очсон газраа ихэнхдээ бид машиндаа унтана. Цонхоор өнөөх тэнгэр зүү ороох зайгүй шивсэн одтой болж, бид хошигнон "хөдөөний тэнгэрийг хар аа" гэж өвөр зуураа инээлдсээр унтдаг байв. Зүү орох зайгүй шивсэн мэт одот тэнгэр зүйрлүүлбэл шинэ жилийн даашинз дундаас гялалзаж гялтганасан саатай даашинз нь юм шиг.
Ингээд бид майханд юмуу эсвэл монгол гэрт (сүүл рүүгээ бид ойрхон байдаг өвөөгийнхөөсөө илүү жижиг гэр авчраад барьчихдаг болсон) 10 хононо. Тэнд тог цахилгаан байхгүй, гар утас, телевизор байхгүй. Интернэт компьютер тэнд байтугай энд байхгүй байсан цаг. Одоо бодохон их сонин мэдрэмж төрдөг байсан, яг ертөнцөөс таслагдсан юм шиг. Хэнтэй ч харьцахгүй, хэн ч ажил ярихгүй, хэн ч даалгавар гэж хийхгүй, бүгд дуртай зүйлээрээ оролдоно, цор ганц зорилго болсон том ажил болох рашаан уух ажил ч зугаатай. Гал түлж цай хоолоо болгож идээд рашаандаа явна. Голын эрэг даган алхаж явах зуураа байсхийгээд тааралдах рашаануудаасаа хүртэж, амран тухалж, таарсан хүмүүстэй рашааны ид шидийг хуучилж, нуруу туруунд сайн хэмээх засаад тавьсан мэт чулуун дээр хөгшин залуугүй сонирхож сууж үзэх мэтээр явсаар л байна. Энэ бүгдийг хийсээр эргээд ирэхэд 2 цаг гаруйны хугацаа болсон байдаг. Майхандаа очиж жаахан амарч байгаад өдрийн хоолоо хийж идээд оройхондоо дахиад рашаандаа явна. Ирээд харанхуй болтол хавийн амрагчид нийлээд энд тэнд тоглож наадаж, зугаалж явдагсан.

Хүмүүс рашааныг сайн гэлцэн магтдаг ч би огт өөрөөр дүгнэсэн. Гэхдээ рашааны найрлаганд хүхэр, магни, кальци гэх мэт олон эрдэс бодисууд агуулагддагыг саяхан л нэгэн судлаачын гаргасан номоос нь мэдсэн. Гэхдээ миний дүгнэлтэнд ч үнэний хувь бий гэдэгт итгэнэм.
Юу гэхээр, ерөөс бид хотын дуу шуугиан ажил төрлөөсөө холдоод цэвэр агаарт шал өөр стилээр хэд хоног аж төрөх нь тархи мэдрэлийг зайлшгүй амраах нь гарцаагүй. Дээр нь өдөртөө 2 удаа хол газар явган явчихна, голын эрэг дагаад урсгал чимээ сонсоод шүү. Зүгээр алхахгүй, аажуу тайван дур зоргоороо, тэгээд зайтай зайтайгаар рашаан усаа хүртээд явна. Бид өдрийн хоёр махан хоол, сүүтэй цай цагаан идээ гэсэн хүнд хоолнууд зооглодог ч ингээд төвөггүй шингээчихдэг. Хамгийн гол нь ах дүү, аав ээжтэйгээ халуун ам бүлээрээ нэг дор чихэлдэн бөөнөөрөө амьдарч, инээн баясаж, адал явдалтай бол адал явдалтайгаар цагаа өнгөрөөж, чухамдаа энэ л жинхэнэ амралт болдог ажгуу. Ингэж амарсаны хүч өвөлдөө гардаг байсан гэж боддог юм.
Өвлийн гай болсон ханиадыг бол ёстой шүргээд авна уу гэхээс шингээхгүй шүү дээ. Зөв зохистойгоор халуун ам бүлээрээ байгалийн сайханд ингэж идэвхитэй амрах нь маш зөв байж. Гэвч рашаан минь жил ирэх тусам миний бичсэн шиг байгалийн мөн чанар нь алдагдсан л даа. Одоо тэнд утас барьдаг болсон, хүмүүс гал түлэхгүй газан плитка ашиглаж, дэнлүү барьчихдаг болсон байна лээ. Машинаараа цэнэглэдэг DVD авч яваад дураараа юм үзэж, компьютер ч тоглочихдог болсон. Хот газраас ялгараад байх юм тун ч цөөрсөн байсан даа...
Ний нуугүй хэлэхэд залуус минь Туул голын эрэг дээр хоёр хоног майхан бариад очсон өдрөө үхтлээ архидаад, өглөө нь бэлэн хоол идээд шартаж хэвтээд, маргааш нь нэг муу юм өндийж жаал тоглож, голын усанд шумбаад орой нь буцах бол энэ огтхон ч амралт биш шүү. Амрана гэдэг алжаалж суугаад алхайж хэвтэхийн нэр биш, архидан мансуурч цэнгэхийн нэр биш л гэж би боддог. Даанч надтай санаа нийлэх хүн ховор юм дөө.

No comments:

Post a Comment