Friday, May 24, 2013

Л.Өлзийтөгс бид хоёрын санаа нийлэв - 1

"Хүн өөрийгөө хадгалан авч үлдэх л хамгийн хэцүү. Энэ бол зарим хүнээс маш их хүч, харин заримаас нь тийм их хүч шаарддаггүй зүйл." гэж тэр мундаг хүн "Үзэхийн хязгаар" номондоо бичжээ. Зарим нэг хүн энэ номыг фэйсбүүк дээр шүүмжилж, том зохиолч хүн гэхэд уран зохиолын ямар ч яруу тансаг үг хэллэг байхгүй, модон, зүгээр л өдрийн тэмдэглэл уншиж буй мэт санагдсан гэсэн байж билээ.


Харин би хүний дурдатгал, эссэ, бүр өдрийн тэмдэглэл ч байсан хамаагүй хүндэтгэлтэй уншдаг. Сэтгэл зүрх, дотоод мэдрэмжээ гаргаж бичсэн блог ч, марзганаж үзэл бодлоо хуваалцсан, өдөр тутмаа дэлгэсэн блог ч надад таалагддаг, би тэднийг, үзэл бодол, хүн гэдэг талаас нь хүндэтгэж уншдаг. Л.Өлзийтөгс бид хоёр 100 хувь адилхан хүн биш ч, ядаж 10, 20 хувь нь адил төстэй бодол санаатай байж болно. Ерөөсөө хүн бид чинь бие биетэйгээ холилдож сүлэлдэж, дундаас нь шинээр бий болсон сэтгэл, бодол, мэдрэмжтэй юм шиг л санагддаг. Би чамтай 10 хувь адилхан харин түүнтэй 5 хувь, бүр өөр хүнтэй 20 хувь адилхан боддог адил сэтгэдэг, ингэсээр байгаад би гэдэг тусдаа хүн "босч" ирнэ.
Энэ бүгдийг хаа ч, ямар ч зүйлд авч үлдэх нь, би би-ээрээ үлдэх нь заримдаа их хүч шаардах юм. Зохиолч өөрөө асар амгалан тайван, халуун дулаан уур амьсгалд эрх дураараадуу өөрийнхөөрөө өссөн ч Ж.Болд-Эрдэнэ гэдэг хүн түүнд амьдрал гэдэг заримдаа ямар хэцүү зүйл байдгийг ойлгуулсан гэж бичжээ. "Тэвчээр зоригтой байх, хүний аясаар биш, өөрийнхөө хүссэнээр л амьдрах хүч дотор минь бийг бидний учрал надад мэдрүүлж өгсөн гэж боддог" гэсэн байна.
Би ч тийм орчинд тэгж өссөн, харин одоо л амьдралын зах зухаас үзэж яваа байх, тэр бүхэнд нь заримдаа өөрийгөө хадгалж, өөрөөр байх л хамгийн хэцүү байх юм даа. Энэ үнэн юм.

"Харвард төгссөн хүнийг мэдлэгтэй гэхгүй. Мэдлэг бол амьдралын асар их туршлага, энэ туршлагаар баяжсан төрөлх зөн совин, бараг айдас төрмөөр ч гэж болох тийм нарийн ажигч, гярхай зан, сэтгэлийн торгон чанар юм" гэжээ. Би яг ингэж боддог, боддогоо гаргаад хэлчих ч, биччих ч авъяас байхгүй, азаар яруу найрагч бүсгүй сайхан товч тодорхой хэлээд өгчээ. Би үүнийг аль эрт 20 ч хүрээгүй байхдаа ойлгосон л доо. Хөдөө байдаг өвөөгийн минь эгч гэх өндөр настай эмээ надад үүнийг ойлгуулж өгсөн. Эмээ насаараа мал дагаж амьдарсан, "эртний" хүн. Харин түүний дүү болох миний өвөө бол физик математикийн багш, хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч хийж яваад тэтгэвэртээ гарахдаа мал дээр очсон өвөө. Зүйрлүүлбэл өвөө илүү боловсролтой мэдлэгтэй ч, эмээ нэг л өөр байлаа. Эмээ радио их сонсдог, өөр юм байхгүй. Ээж эмээтэй аар саархан зүйл хот газрын амьдрал, ах дүү бид дөрвийн тухай ярина. Ах дүү бид дөрөв ээжийн үед шинэ үе, эмээгийн хувьд бүр ч шинийн шинэ үе ч биднийг их ойлгож, "сайн чанартай зүйл өмсөж зүүлгүй яахав, тэглээ гээд эд эвдрэхгүй ээ" гэнэ. Тэгснээ "тэгээд чанараа дагаад үнэтэй байж таарна биз дээ" гэнэ. Тэр үед дийлэнх хүмүүс яг адилхан зүйл өөр өөр үнэтэй байна гэж юу байсын гэж боддог, аль хямдыг хардаг тийм л нийгэм байсан юмаа, бид тийм ч баян элбэг дэлбэг байгаагүй юм.

No comments:

Post a Comment