Friday, May 10, 2013

Мөрөөдөл, төсөөлөл

Мөрөөдлөө төсөөллийн тусламжтайгаар биелүүлэх боломжийг олонтаа энд тэнд ярьсаар байгаа билээ. Энэ бол үнэн.
Аль тэртээ багад мөрөөд, төсөөл тэгвэл биелэнэ, мөрөөдлөө биелүүлэх нууц энэ тэр гээд ярьдаггүй байлаа. Тэгэхэд л өсвөр насны охин байхдаа орондоо ороод л мөрөөдөөл, ургуулан бодоол, нүдэндээ төсөөлөөл бараг ном зохиол шахуу өрнүүлж өгдөг байж. Эргээд харахад тэр бүгд биелжээ. 


Хамгийн эхлээд бүр жаахандаа бол намайг хүндэлдэг, хайрладаг, яг энэ номон дээр гардаг тэрэн шиг хүнтэй сууна даа гээл боддог байж. Тэгээл хүү охин хоёртой болно гэж мөрөөддөг байсан. Яг түүгээрээ болсон.
Жаахан том болоод, том ангид ороод ирсэн чинь нэг их гоё үерхэж үзмээр санагдаал, хэнд ч сайн биш юм байж, нүүр царай нь харагдахгүй нэг хүнтэй үерхэж байна, үнсүүлж байна гээд л зүүдлээл. Тэр үл мэдэгдэгч нь яг жаахандаа боддог байсан ирээдүйн нөхөр шиг минь намайг хүндэлж байна гэж жигтэйхэн. Гэтэл ёстой л 18-т байхдаа нөхөртэйгөө таараад, ёстой сайхан гэмгүй, хүүхэд насны үерхлээр хэдэн жил үерхсэн. Энэ талаар Аяа, минй арван найман нас минь  гэж ирээд л бичсэн дэгээ.
Тэгээд үерхэж байхдаа мэдээж аз жаргал, хайр хүндлэлийг л мөрөөддөг байсан, зөнгөөрөө л энэ л хүнтэй суух юм шиг санагдаад өөрийн мэдэлгүй л хувь заяагаа тэрэнтэй холбож боддог болчихжээ. Ерөнхийдөө гайгүй шүү. Өнөөх гэр бүл гэдэг юмнаас гадна санхүүтэй холбоотой томоохон зүйл мөрөөднөө. Хэзээ ч машингүйгээр өөрсдийгөө төсөөлж байсангүй, эхэндээ нэг их гоё том байшинтай болно гэж боддог байсан, түүний эхлэл гэж бодоол байшинд амьдардаг байсан. Байшингаа засаад юмуу эсвэл зараад өөр газар мөрөөдлийн байшинтай болно гээд л мөрөөдөж өгдөг байлаа. Гэвч үр хүүхэдтэй болж нялх нойтон, дээр нь залуу улсууд байна даа ажил төрөл гээд гүйхээр байшин ч бас тохь тух, халаалт, ус түлээ гээд хэцүүхэн эд болоод ирэв. Тэгсэн ч гэсэн байшин хашаагаа тордоод, гараш энэ тэр бариад л авсан. Хожмоо зарж солиход үнэ хүрнэ гэж бодоод... Тэгээд л мөрөөдлийн байшингаа түр зуур нөөцөлчихөөд байр мөрөөдөв. Тэрнээс хойш нэг их удалгүй 2 жил болсонуу яасан байшингаа зараад байр руу зүтгэв. Мөрөөдлийн байшин минь хэвээрээ л дээ, гэхдээ эхлээд үр хүүхдийн боловсрол суурь нь чухал болоод байна. Хэзээ нэгэн цагт заавал мөрөөдлийн байшинтай болно доо.

Ингээд юун сүрхий машин байшин байр мөрөөддөг хүүхэн бэ гэж битгий бодоорой. Энэ бүгд амьдралын минь ая тухыг хангах жижиг зорилгууд байсан нь үнэн. Гэхдээ хамгийн том үнэт зүйл болох гэр бүл гэдэг зүйлсийг утгаар нь хадгалж, насан туршдаа жаргалтай, хүндлэлтэй байх нь миний хамгийн том мөрөөдөл юм л даа. Бүр багаас эхэлснийг бодвол.

Бидэнд ямар хурааж хуримтлуулсан хур хөрөнгө гэж байсан биш, аав ээжүүд минь жирийн нэг хүмүүс, тэгж арав хорин саяыг тоолж гаргаад машин, байшин авдаг бэлэн ч юм гэж тэр үед юу байхав, алдарт 90-ээд он шувтарч байсан үе юм. Хожмоо ч гэсэн 50, 60 саяар нь хураагаад ч байр авчих хувийн бизнес ч үгүй амьтдад юу байхав, гэхдээ л бид чадсан юм даа. Хамгийн гол нь бие биедээ хайртай байсан, бие биенийхээ үгийг сонсдог, шийдвэрийг хүндэтгэдэг байсан, нэг нь яаран шийдвэр гаргалаа ч нөгөө нь араас нь цулбуурдан барьж ухааруулдаг байсан, уйгагүй хөөцөлддөг байсан, шантраагүй, зээл авсан ч зээлээ төлөх бүртээ баярлаж төлдөг байсан, банк хооронд толгойгоо сайн ажиллуулж мэдээлэл сайтай байсан, хувь хүний итгэлийг алдахгүйг хичээдэг байсан, авдаг цалингаа маш сайн зарцуулдаг байсан. Энэ бүгдийг минь аз түшсэн юмуу, мөрөөдөл, төсөөлөл хайрыг минь бурхан харж үзсэн үү, дандаа сайн хүмүүс таарч итгэл хүлээлгэж байсан. Та бүхэн мөрөөд, түүнийхээ талаар төсөөл. Хэдхэн хоногийн өмнө би хүүхдүүддээ мөрөөдлийн самбар хийж өглөө. Мөрөөддөг зүйлсээ зурж бич гэсэн хүү минь эх орон гэж бичээд дэлхий зурсан гэнэ. Өнгө өнгөөр хувааж будаад нэг ногоон өнгийг нь монгол гэж байна. Дэлхийнхээ эргэн тойрон гариг эрхэс зуржээ. Тэгээд сансрын нисгэгч зурсан байна. Мөрөөд мөрөөд хүү минь...

1 comment:

  1. Би лав мөрөөдлийн хүчинд итгэдэг. Бүр хүүхэд байхаасаа ихэр хүүхэдтэй болохыг мөрөөдсөн. Одоо ч мөрөөдөөстэй кк.

    ReplyDelete