Tuesday, May 21, 2013

Вагонд таарсан хоёр

Тэд дунд сургуулиа төгссөн байсан санагдаж байгаа ч сайн санахгүй байна. Хамт биш тус тусдаа явж байсан. 2 жилийн өмнө бид хоёр урд хөршөөс ирэхдээ вагонд тэдэнтэй таарч цуг ирсэн юм. Эхлээд тэнд байсан эрчүүд хөзөр тоглолоо. Удаагүй нөхөр маань унтлаа гээд унтаад өгсөн. Би унтаж чаддаггүй болохоор хүмүүстэй юм яриад л явсан, явсаар явсаар зарим нь бууж суугаад өнөө хоёр чинь үлдэв.


 Нэг дэх нь Замын-Үүд дээр барилга дээр ажиллаад буцаж яваа, нөгөөх нь бүр цаашаа хилийн застав дээр эгч дээрээ очиж хэд хоночихоод буцаж яваа гэсэн. Хоёулаа нэг тийм төлөв даруудуу, гэхдээ их яриасаг, худал хуурмаг нуугдсан далд зүйл байхгүй, гэнэн ч юм шиг, гэхдээ биеэ авч яваад сурчихсан, ах захтай, хүмүүжилтэй ч байрын хүүхдүүд байсан. Тийм болоод ч санаанаас гардаггүй байх. Нэг дэхь нь найзтайгаа явж байсан, хоёулаа барилга дээр ажилласан гэсэн. Барилга дээр яаж ажилладагаа яриад, хоол унд нь ямархуу, тэнд ажиллаж байгаа ах нар цалингаараа архи пиво уудаг, хоол нэмүүлэх гэж хэрхдэг, цалингаа буухаар хамгийн түрүүнд дэлгүүр орж амттай юм авч иддэг гэж ирээд л ярьсан.

Хоёр дахь нь, хилийн застав дээр ажиллаж амьдарч байгаа эгчийндээ очиж хэд хоносон. Эгчийнх нь нөхөр тэнд .... ямар билээ цолтой ажилладаг учраас гэр бүлээрээ тэнд байгаа. Тэр зах хязгаарт 2-3хан айлтай. Бусад нь шинэ болоод хуучин цэргүүд. Хал цэргүүд нь шинэ цэргүүдээ бараг цэргийн даргагүйгээр зохицуулаад сайнтай муутай аргаар зааж зааварлаад аваад явчихдаг гэсэн. Мэдээж хэдүүлхнээ болохоор хотын бид шиг цаг нар байхгүй ажил амьдрал нь хутгалдсан хэв маягтай. Дарга, ахмадууд нь өнөө хэдэн цэргүүдээ ааш нь хөдлөхөөрөө "байхгүй болгоно", сайхан ааштай үедээ ч сайхан загнана, орой тас харанхуйд гарахаас бие зарайгаад эвгүй гээд л ер нь олон юмыг ямар ч элдэв чамирхалгүй, онгирч сайрхаагүй, байгаагаар нь ярьж билээ. Ёстой очиж үзээгүй, нүдээр хараагүй амьдралын хэв маяг байсан болохоор би нэг их уйдаагүй.

Бас тэр хүү баранд зөөгч хийж үзсэнээ ярьсан. Цалин буух болохоор элдэв янзын суутгал торгууль нэмэгдээд 70, 50, 40 мянгийг авч байснаа ярив. Яг 2 жилийн өмнө л дөө энэ.  Хажуу орон дээр нээрээ нэг бидний үеийн хүүхэн ээжийгээ аваад Бээжин үзүүлээд буцаж яваа юм гэсэн. Охин нь орсон цагаасаа хойш орон дээр унтсаар байгаад ирсэн, харин ээж нь бидэнтэй ганц нэг зүйл ярьж, охиноо хоол ид, цай уух уу гэх мэтчилэн тордож явсан. Хэдэн зуун мянгад билээ дээ хоёр хүн яваад Бээжин үзээд ирэхэд болох юм байна лээ гэж ээж нь хэлсэн гэсэн, би сонсоогүй л дээ. Тэр хүү сонсчихсон, үнэн юм бол би ажил хийж мөнгөө цуглуулж байгаад заавал ээжийгээ авч явнаа гэж билээ.
Энэ хоёр хүү тийм ч айхтар даруу нунж дорой бүрэг биш л дээ. Ярьвал ярьчихна, тогловол тоглочихно, гэхдээ цаанаа л амьдралын зах зухаас үзэж амсаж яваа, юуг яахаа мэддэг болчихсон байрын мөртлөө тоглож наадаад мөнгө үрээд, ээж аавыгаа хуураад хамаг цагаа пс-нд өнгөрөөж, гоё ганган хувцасласан хөвгүүд, залуусын хажууд нэг л шийртэй, гүжирмэг, их ухаалаг, жинхэнэ эрчүүд шиг л санагдсан. Ажилсаг эрчүүд бас хүчтэй харагддаг тийм ээ. Ээждээ заавал Бээжин үзүүлэх гэж байгаа хүү бол бүр тамхи татдаг гээч, мушги тоглоходоо цагаан хэл ам тустал томчуудыг хожсон ч сэтгэл хөдлөлөө айхтар нуугаад байгаа юмуу, угаасаа тийм юмуу, лав онгирч хөөрч баясч инээгээгүй, зүгээр л хийдгээ хийж байгаа хүн шиг, нэг л өөртөө итгэлтэй, цаанаа л хүчирхэг. 
Тэр хоёр хоёулаа Амгаланд гэртэйгээ, бүр ойрхон байдгаа чамайг нэг л харсан юм байна гэсээр анх суухдаа л мэдэлцсэн. Тэгээд барилга дээр ажилласан хүүг Амгалан дээр буухад нь нөгөөх нь цүнхээ өгөөд манай хашааг нүдээд өгчихөөрэй гээд өөрөө хотод буухаар цааш явсан. Найз охин руугаа шууд явж байгаа юм ярина билээ. 

No comments:

Post a Comment