Tuesday, May 7, 2013

Та аль нь вэ

Харилцаа холбоо, хамрах хүрээнээсээ болоод хоёр төрлийн хүмүүс байнаа. Найз төвтэй эсвэл гэр бүл төвтэй. Аливаа асуудал гарна, баяр жаргал, зовлон гуниг болно ихэвчлэн гэр бүлийнхээ хүрээнд шийддэг. Баяр ёслолоор гэр бүлээрээ байхыг илүүд үздэг, түүндээ үнэхээр кайфтай байдаг маш гэр бүлсэг хүмүүс байна.
Эдгээр гэр бүлсэг дотроо дэндүү их, худлаадуу, ерийн энэ тэр гээд бас янз бүр байна л даа. Худлаадуу гэж бодох болсоны учир нь худлаа нэг их аав ээж ахан дүүс минь гээд сүйд болоод, тэднээс бусад нь хүн биш юм шиг, бусад нь орчлонгийн хамгийн миачууд юм шиг, өөрсдийгөө юм л бол өндөр өргөөд байдаг, тэгсэн мөртлөө заримдаа алалцвал ч алалцчихдаг хүмүүс байдаг болоод тэр.


Ерийн хэвийн гэдэг нь бол харахад хөлдүү ч юм шиг хөндий ч юм шиг, сүйд болоод байдаггүй, заримдаа аав ээж, ахан дүүсийн баяраар ч очмооргүй байвал очдоггүй (бас өөрийнхөөрөө байгаа биз) баяр болгоныг гүйцээж бэлэг бүрийг дүүргэх гээд худлаа царайлаад байхгүй, байгаараа юманд ханддаг, гэхдээ нийлээд суувал хүнээрээ, сэтгэлээсээ нэг тийм төлөв хүмүүс байдаг даа. За дэндүү гэр бүлсэгүүд ойлгомжтой биз ээ, тэдэнд хэлээд байх муу тал байхгүй л дээ, тийм байвал сайн л биз...

Найз төвтэй хүмүүс бас байнаа байна. Ажиглаад байхад гэр бүлтэйгээ тийм ч холбоотой биш, цаад гэр бүл нь асуудлыг давах, шийдэлцэх чадвар бөгөөд түшиг тулгуур муутай хүмүүс ихэнхдээ найз руугаа ханддаг юм шиг. Машиндаа дугуй авна яваад өгөөч, машин засалцаад өгөөч, тэндээс нэг юм авчрах гэсэн юм, хотод ирлээ танайд хоноё (яагаав гэр бүл NO шүү дээ) гэх мэтээр юм бүхнээ хутгах маягтай. Гэр бүлсэг хүмүүсээс илүү төвөгтэй нь юм бүхнээ хутгалдуулах гээд байдаг. Гэр бүлсэгүүд нь ойр зуурын асуудлаа за ер нь асуудлынхаа 70-80%ийг өөрөө болон гэр бүлийнхээ хүрээнд шийдчихдэг. Бусад дээр найзын туслалцаа байж болно. Харин найз төвтэй хүмүүс эсрэгээр байх нь заримдаа төвөгтэй юмөө. Заримдаа нэг хүний өмнөөс амьдраад байна уу үгүй юу ч гэж бодох юм.

Бас худлаагаасаа найз найз гэж дэвэргээд явдаг худлаа найзууд байна байна. Би ер нь нэг үгийг мянга давтаад л уярамтгай царайлаад, уянгын халил өрнүүлээд байдаг эрчүүдэд дургүй юмаа даа, мянга хэлсэн үг нь үнэ цэнэгүй санагдаад, өнөөх хүн нь дүр эсгээд байгаам шиг санагдаад байдгийн. Миний муу найз л гэнэ, найзыгаа санаад үхлээ л гэнэ, жаахан байзнаснаа хар багын найз минь л гэнэ, дахиад жаахан байснаа нэг ангид тохой нийлүүлэн 10 жил сурсан шүү дээ л гэх юм, дахиад байзнаснаа найз минь болж байвал би ч яахав л гэнэ, дахиад байзнаснаа бид нар ер нь цуглаад архи уух нь шал дэмий юм шдээ гэх юм, тэгсэн мөртлөө өөрөө архи чирээд ирэх юм... Шал худлаа санагдаад... Адилхан бусад нь дуугүй л суух мөртлөө цаанаасаа нэг найзын үнэр нэвт үнэртээд, найзын салхи чимээгүйхэн сэвэлзээд намбатай нь аргагүй байх нь үнэхээр таалагддаг.

За нэг иймэрхүү хоёр төвтэй хүмүүсийг бодоод байдаг байснаа гэнэт санав. Одоо ингээд сурчихсан хүмүүс ч дүүрч. Гэр бүл гэдэг үнэхээр том түшиг тулгуур юмаа. Ээж аав минь одоо тэгж их оролцоод, өмнүүр ороод гүйгээд, мах дуусвал мах, гурил дуусвал гурил авчраад, мөнгөгүй болчихвол бэлэн мөнгө барьж ирээд байгаа юм алга, гэхдээ нүдэнд үл үзэгдэх түшиг тулгуур гэж үнэхээр том юм байна шүү. Наад зах нь асуудлаа ярихад сэтгэлийн маш том дэм өгч, үгүй учиргүй зөвлөөд байхгүй ч гэсэн ойлгоод хуваалцаад байгаа нь л чухал юм. Ийм л гэр бүлийг цогцлоохийг хичээж байна даа.

No comments:

Post a Comment