Wednesday, May 15, 2013

Сэтгэл тавгүйтүүлсэн асуудлууд

Ойрд сэтгэл тавгүйтүүлсэн асуудлууд хэд хэдээрээ давхцаад юу болов. Эхлээд цэцэрлэгийн бүртгэл гэж асуудал болов. Сайн муу гэж голж шилсэндээ биш, гэртээ хамгийн ойр гэж бодоод сонгосон цэцэрлэгтээ охин маань явж чадахгүйд хүрээд юу юу болов оо. Үлдсэн ганцхан жилдээ өөр цэцэрлэг, өөр багш, өөр найз нартай болоод явна гэж бодсон чинь охиноо өрөвдөх ч шиг. Ашгүй бүх нийтээрээ дургүйцэн гомдоллож байж хуучин хүүхдийг ямар ч байсан хасахгүй гэж сайд нь ч, дарга нь ч үүрэгдэв.


Гэхдээ цэцэрлэгийн дарга өөр дүүрэг гээд хасах сурагтай байна гэж багш нь хэлснээс хойш хэд хоног чимээгүй л байна, юу болохыг нь харъя. Манайх их эрлийз юм өө, замын урд болохоор өөр дүүрэг, замын хойд талдаа болохоор өөр дүүрэг. Хойшоогоо зам гараад л 1 буудал хэртэй алхаад цэцэрлэг, аа урдуураа бол үзээд өгье гэсэн ч цэцэрлэг сургууль байхгүй, баруун тийш 3 буудал явж байж цэцэрлэг байдаг сурагтай. Боломжтой болохоороо замын хойд тал руугаа гэр орноо нүүлгэдэг юмуу яадаг юм... Эцсийн эцэст аж амьдралаа энүүгээрээ зохицуулаад явж байгаа хүмүүсээр ингэж гэв гэнэт оролдож үймүүлээд дэмий л дээ, аажмаар шилжих хэрэгтэй. Цэцэрлэгийн асуудал босоод ирсэн чинь тэнд ч нэг цэцэрлэгийг татан буулгаж шүдний эмнэлэг болсон, энд ч хүүхдийн цэцэрлэгийн байшин булаагдсан, тэр ч нялх хүүхдийн стандарттай нялхсын цэцэрлэг байсан нь одоо компани болсон, шинийг барьж чаддаггүйн бол эднийгээ ядаж буцааж сэргээ гэж иргэд бухимдаад ирэв. Ер нь олон олон но илрэх шинжтэй дэг ээ.

Дараа нь ажил төрөл, мөнгө цаас, хамаатан садантай холбоотой асуудал босч ирэв. Нөгөө кинон дээр гардаг жижигхэн юмөө жижигхэн юм гэдэг шиг дүүгийн ажиллуулдаг байсан компани түр зууртаа над дээр байна л даа. Дүү хол яваа болохоор тэр... Дүүг байхад л хамтарна, хөрөнгө оруулъя бария гээд хувь дээрээ тохиролцоогүйн улмаас дүү татгалзчихаад байхад, одоо дахиад надаар оролдоод, бүр түрэмгийлэн ярив. Би мэдэхгүй л дээ, дүү цаад хамаг юмаа мэднэ гэдгийг мэдсээр байгаа ч наашаа довтлох довтлохдоо  мөнгө хөрөнгө яриагүй "зүгээр л тусалж буй мэт дүр эсгэн" үнэн манж яриад, аавтай хамаг учраа ярьсан байсан нь толгой өвтгөв. Аав яахав, дүү бид хоёр өөрсдөө шийдэх нь тодорхой, би ч ямар өөрийнхөөрөө шийдээд байх эрхтэй ч биш, дүү л надтай зөвлөөд байгаа ухаантай. Бид хоёр нь үрчийтлээ бодоод, бодоод байх ч юу байхав, эвтэйхэн татгалзчих санаатай л сууж байна дөө... Яршиг цаашаа дүүг иртэл энэ хэвээр нь нэр цэвэр байлгаж, эсэн бусын юманд хутгаж, бужигнуулахгүй байх санаатай.

Тэр нэг хоёр хүүхэд тамлагдсан мэдээ ямар муухай мэдээ байв аа.  5 настай хүүхэд нь өрөвдмөөр, үнэхээр сэтгэл сонин болсон шүү. Би л гэхэд хоол хийж байгаа хуруугаа зүсчихээд хичнээн янгуучилдаг болоо вэ, багадаа тоодоггүй гүжирмэг байх шиг байсан үгүй болжээ. Дараахан нь харин 16 настай хүүхдийг яасан яасан гэнэ вэ бурхан минь. Өдий насандаа өөрийгөө юу хийж явснаа бодсон чинь, тэр энэнд сайн, энэ тэрэнд сайн гэж охид гэртээ харихгүй буу халаад л, ээждээ алуулсаан яанаа гэсэн мөртлөө л салж чадахгүй суугаад байна, ангийн хүүхдүүд орж гарч ном дэвтрээ асууж бие биенээсээ авна, орой үдэж, өдрөөр уулзана, юм ярина, тоглоно, хөзөрдөнө, нөгөө ангийнхантайгаа өрсөлдөнө, хөвгүүд охидод, охид хөвгүүдэд таалагдах гээд л үзнэ, ах эгчийнхээ шинэ содон зүйлээр гангарах хүсэлтэй, энд тэндхийн шинэ дуу хөгжим кино, номонд дурлана, моод хөөнө айдаа шилжилтийн нас минь өсвөр нас минь... Ингээд бодохоос тэр хүү аймшигтай байгаа биз, ингэтлээ хямрав би.



No comments:

Post a Comment