Friday, May 24, 2013

Л.Өлзийтөгс бид хоёрын санаа нийлэв - 2

"Би ихэнх найз хүүхнүүдээсээ зугтдаг, хааяа өөрийн эрхгүй санаж, санаа зовон уулздаг ч, уулзангуутаа л, миний хувьд хэзээ ч сонин байдаггүй яриануудаас залхан, салахын түүс болдог. Би сэтгэл шимшрүүлсэн кино үзээд уйлах нь уйлдаг, гэхдээ л ямагт дотроо "Энэ хэсэг маш үнэмшилгүй болчихож, харин..." гэхчлэн хэрэггүй юм бодоод сууж байдаг. ...Хүүхнүүд ямар нэгэн зүйлийн тухай шагширч бишрэн ярьж байх үед заримдаа надад "Энд сүйдтэй юу байгаа юм бэ" гэж дотроо үнэнээсээ гайхдаг. " Л.Өлзийтөгс зохиолч өөрийгөө жаахан зожигдуу, заримдаа зөрүүд гэж бичсэн байна. Гэхдээ тэр үнэхээр нээлттэй юм.


"Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" сургалтын багш маань бидэнд болж өгвөл нээлттэй байх хэрэгтэй, нээлттэй байгаа юмыг засаж залруулахад амархан. Буруу зөв нь мэдэгдэхгүй юмыг битүү хадгалаад явбал дотроосоо чамайг идсээр нэг л өдөр тэсэрнэ гэж хэлдэг юм. Л.Өлзийтөгс зохиолч зожиг хэдий ч нээлттэй юмаа, бас зоригтой, би түүний эссэнүүдийг үнэлж байна. 
Би ч бас зожигдуу. Нөхрийн ажлынхан намайг ууж идэж наргиж цэнгээд байдаггүй гэж ойлгодогийг би мэднэ. Гэхдээ би тоотой хэдэн баяраар л инээж хөхөрч суулгүй яахав. Харин тэдний зиндаанд хүрэхгүй болохоор л тэгж хэлсэн хэрэг. Үнэндээ өмнөх бичлэгт бичсэнчлэн энэ дээр хүртэл өөрийгөө хадгалж үлдэх хэцүү байна шүү.
Бас би уулзах гэж хичнээн хүсч хүлээсэн найз нөхөд, нэг ангийнхантайгаа уулзаад суусан ч хэдэн цагийн дараа нэг л уйдсаныхуу, залхсаных уу, гэртээ харимаар бодогдоод болох биш болдгоо ойлгодоггүй, ядарсных байх гэж боддог байсын. Үнэндээ бол гэрээ л санаад байдаг хэрэг юмуу даа, мэдэхгүй.

"... Албан тушаал гэдэг үгийн үнэ цэнийг би ойлгодоггүй. Хүмүүсийн үхэн хатан зүтгээд байдаг ажлыг огтоос ойшоодоггүй." Бид хоёрын санаа дахиад л нийлэв. Тэр ч би ч олон саналаас татгалзаж үл ойшоож явжээ. Эцэстээ би "хүн ер нь заавал амбицтай байх хэрэгтэй, чамд тэр лав алга" гэсэн мэргэн шүүмжлэлийг олон сонсож байсан. Амбиц олон янз л гэж боддог шдээ, тэр олон янзаас энэ албан тушаалын амбиц, олон тэрбум төгрөгийн амбиц, төгс төгөлдөр харагдах хүсэл гэсэн гурван амбиц лав надад байдаггүй юм. Өөр бол байнаа байна бас. Амар амгалан тайван байдлыг эрхэмлэгч миний хувьд энэ алдагдвал харин жинхэнээсээ амбицлаж өгөх байх шүү.
Л.Өлзийтөгс зохиолчын "Үзэхийн хязгаар" номыг ийнхүү хүндэтгэн уншиж байна. Дуусаагүй ээ. Цаашид юун дээр санаа нийлэх нь үү, харж байя. Би бас "Үүл бид хоёр" номыг заавал авч уншина даа гэж бодож байгаа. 

No comments:

Post a Comment