Wednesday, July 3, 2013

Өөртөө итгэх итгэл минь чи хаана байна...

Таны өөртөө итгэх итгэл байсхийгээд л үлбийж сулбайгаад хэцүү байдаг бол нэг арга зааж өгье. Жижиг гэлтгүй амжилттай санагдсан бүх зүйлээ тэмдэглээд үзээрэй. Нэг дэвтэр гаргасан ч болно. Хаана ч байсан яахав. Эхлээд хүүхэд байхаасаа эхэлсэн олимпиадад амжилт гаргасан, анх ажилд яаж орсон, сургууль шалгалтад тэнцсэн, уралдаан тэмцээнд байр эзэлсэн, ангидаа ямар байсан, ажил дээр гараад яасан ийсэн гээд бүх зүйлээ тэмдэглээд үз. Үнэхээр мундаг байгаа биз. Мундаг биш хүн байдаггүй гэмээр гоё амжилтууд хүн бүрээс гарна.


За тэгээд өр ширээ яаж дарсан, маш хэрэгтэй зээлийг яаж авч чадсан, яаж байртай, машинтай болсон, ээжийгээ аавыгаа, ах дүүсээ хань ижлээ яаж баярлуулж байсан, бусдаас юугаараа хэрхэн товойж чаддаг байсан энэ тэрээ үргэлжлүүлээд бич. Зовлонгоо яаж туулснаа бич. Тэр болгон бидний амжилт байдаг.

За өнөөдрийн өөр дээрээ бичсээр байгаад хүрээд ирсэн үү. Үргэлжлүүлээд бичээд үз. Долоо хоногын сүүлийн өдөр, өнгөрсөн өдрүүдээ бодож байгаад амжилтуудаа бичээд үзээрэй. Дасгал хийдэг болсон, том гэрээ байгуулсан, цаг хугацаатай ажлаа хугацаанд нь амжуулж чадсан, тэгснээрээ тэдий хэмжээний ашиг орлого олсон ч юмуу, үр хүүхдээ сайхан баярлуулж чадсан, хэдэн сар амлаад чадаагүй байсан бэлгийг нь авч өгч чадсан, авна даа гэж бодоод байсан номоо, цагаа авсан, амжихгүй нь гээд уцаарлаад хэдэн өдрийг авсан гоо сайхандаа орж амжуулж чадсан гээд бид бүгдийн амжилт багадахгүй.

Энэ бүгдээ бичих тусам та өөрөөрөө бахархаж, өөрийгөө хүчирхэг гэдгээ мэдэрч, бусдад хэрэгтэйгээ ойлгож, өөртөө улам л итгэж, өөдрөг болох болно. Сарын өмнө суусан Хувь хүний хөгжлийн институтын "Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" сургалтын нэг таалагдсан хичээл нь энэ тухай байлаа. Өөр таалагдсан хичээлүүдээ бичнээ. 

No comments:

Post a Comment