Tuesday, July 16, 2013

Аль үнэт зүйлээ дагах вэ

Үнэт зүйлүүдээ зэрэгцүүлэн авч явахад заавал нэг нь золиослогддог юм шиг гэж "Уруулын будаг" дэгжин шоуны хүүхнүүд ярьж байхыг харлаа. Яг үнэн санагдаад болдоггүй. Би багадаа мэдлэг боловсролоороо хэнийг ч дагуулахгүй, ажил хэрэгч, бас ч үгүй дэгжин эмэгтэй болно гэж боддог, бараг түүнд өөрийгөө бэлтгэж байлаа. Нэг их моод хөөлгүйгээр юу зохих бол гэж бодож ажигласны үр дүнд нэг юм өөрийн төрхтэй боллоо.


Би өвдөг дөнгөж далдалсан шулуун юбкийг хэд хэдээр нь ээлжлээд цамц пиджак дээр өмсөхдөө хөлдөө ч өндөр өсгийт жийгээд дүүхэлзээд явдаг байв. Цүнхийг харин нэг авахдаа чанар чухалчлана, аль ч цаг үед солионы 3-4 цүнх бол байсан, тэд нь дандаа дөрвөлжин хэлбэр галбиртай, эмх цэгц, хатуу чанга төрхийг илтгэж байв. Энэ насандаа гарын 5 хуруунд багтах кет пүүзтэй байсан байх, жаахан охин байхад модонд байсан өргөн өмд, мөрөвчтэй өмд, малгайтай цамцыг харин өмсөөгүй шахуу.

Үс зүс, стиль бол нэг иймэрхүү шахуу (үс шулуун л даа, өөрийгөө үл ялиг хөөргөв). Тас хар костюм юбка харин ч нэг өмсдөггүй байлаа, хэт албаны бас болохгүй ээ цаад чинь.



Энгийн сэрүүнд нэг иймэрхүү.
нөхөртэйгөө орой гарахдаа нэг ийм. Нөхөргүй гарахад богино юм өмсөхөөс эмээдэг. (Өндөр өсгийтөөсөө салахгүй л байгааз)

Амьдрал дээрээ энэ багцаагаар л байхыг боддог, бараг дөхүүлсэн ч байх. Үсээ гэхдээ барагтай бол боохгүй шдээ.
Чухам ийм байлаа. Одоо бол өөр. Гэр бүл, үр хүүхэд гэдэг үнэ цэнэ маань намайг ажил хэрэгч эмэгтэй байхаас илүү байсан бололтой. Бүхнийг хаяад бусад найзууд шигээ өдөр өнжүүлэх, эмээ өвөө нар, танихгүй хөлсний хүмүүст хүүхдүүдээ даатгаад, ажилдаа оръё гэж бодлоо л доо. Тайван байх хэцүүгээс гадна хэний юуны төлөө үр  хүүхдээ хаяж байгаа билээ гэдгээ бодох юм. Мөнгөний төлөө бол арай ч бишээ, мөнгө мөнгө гэж явж байгаад эргээд харсан асар муу хүмүүжилтэй хүүхдүүдтэй болчихсон байвал яанаа гэж боддогийн. Тийм болоод л за за нэгдүгээр ангийн хүүхдийн хажууд нь байж анхаарсан юм чинь муугүй шүү гэж өөрийгөө тайтгаруулна. "Өөрийнхөө төлөө ажилдаа орно" гээд хариулчихаар бас арай биш юмаа. Ингээд миний мэдлэг боловсрол жил хагас гэртээ суумагц ёстой навс доошоо унаж, би бүх хүнээс хоцрогдсон санагдаад. Ацан шалаанд орсон хүн шиг л, ажилд оръё гэж бодмогц одоо намайг хэн тоож үнэлэх вэ юмуу эсвэл би одоо юуг илүү мэдэх вэ дээ гэж өөртөө үнэн итгэлгүй болж эхлэв.
Гэр бүлийнхээ арыг даагаад амьдръя гэмэгц өнөөх сайхан мөрөөдөл минь дотроос зулгаагаад, "чи ингээд шалдаа буугаад, хэн ч биш боллоо удах тусам чамайг хэн ч тоохгүй, гэрийн мухар сахисан авгай болох гээ юу" гэж хэлээд болох биш. Нөхөр сурч байгаа болохоор би чамайг төгсөхөөр сурнаа гээд хэлчихсэн чинь өнөөх маань төгсөж өгдөггүй ээ, ажлынхаа хажуугаар хичээлдээ уг нь суухын, ажлаас нь үүгээрээ эхлээд бакалаврт сур гэсэн болохоор бакалавраа 2 дахиа эзэмших гээд нусаа хацартаа нааж байна даа. Магистр байсан бол ч бас яая гэхэв. Эсрэгээр би гэдэг хүн сурмар, ядаж магистр зэрэгтэй болмоор байна шдээ, хаа байсан элин галвын үеийн бакалавраар нүүрээ тахалдаг үе өнгөрөөд байхад.

Надад дараах хувилбарууд байна:
1. Энэ намраас дотоодын нэг магистрт бизнесийн удирдлагаар сурах. Удирдлагын академи, МУИС ЭЗ ч юмуу... Гэр бүлийн хувьд боломжийн шийдэл ч, санхүүгийн хувьд бүсээ сайн чангалж таарах байх.
2. Англи хэлээ гэрээрээ давтаж давтаж, эцэст нь нэг тоффле юмуу IELTS-ийн шатанд курст сууж аваад IELTS өгөх, тэгээд Австрали руу юмуу аль нэг орон руу магистраар явах. Тэтгэлэг олж авахын тулд би маш их бүр галзуурмаар их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бараг ажил хийснээс дутахгүй гэр бүлээ хаяж ч магад, яагаад гэвэл миний англи хэлний үгсийн сан одоогоор тааруу байна. Би энэ талаар бодож мөрөөдөж, төсөөлж зүтгэж хичээлээ хийж байсан ч өөртөө итгэж сайн чадахгүй байна. Гэхдээ надад хамгийн их таалагдаж байгаа хувилбар. Гэхдээ би чадахгүй бол англи хэлний сайн түвшинтэй л хоцроно... Сонгож ч магадгүй.
3. Зүгээр л ажилд ороод, хүүхдүүдээ нэг хөлсний хүнд ч юмуу даатгаад ажлаа хийгээд явах. Санхүүгийн хувьд хуга дээшлэнэ л дээ, нэг хүнээс хоёр хүн нь илүү байх нь тодорхой. Гэвч би үүнд их дургүй байгаа. Эцэст нь би өөрт наалдах юутай үлдэх бол гэж бодоод. Ирээдүйтэй компанид л ордоггүй юм бол жижиг газрууд дахиад өмнөх шигээ далан худалчийн үлгэр болж итгэл найдварыг маань хуга тасдаж, намайг гомдоож хашрааж ч магад. Харин тэр ирээдүйтэй компанид би бакалавраараа гологдоно шүү дээ. Ингээд бодохоор заримдаа бухимдаж боож үхмээр санагдах юм. Өдий наслахаасаа өмнө нэг завандаа магистр энэ тэрээрээ сурах боломж байгаагүйдээ бухимдана. Боломжгүй юм байхгүй гэж та нар бодож байгаа байх л даа. Гэхдээ л бид амьдралынхаа бүх үед 2-3 зэрэг лизинг, хувь хүний өртэй байлаа. гэр орноо зээлээр авчихсан, машинаа солиход дутсан мөнгөө ах дүүгээсээ зээлчихсэн, өвчтэй юм шиг хавтгай дэлгэцтэй тв гарангуут хүний нэр дээр лизингдүүлчихсэн (тэр үедээ надад хэлээгүй ингэсэнд нь би боож үхэх дөхөж байлаа), тэгж байтал төрөх болчихно, төрөөд 1 жил гэртээ сууна, ажил хийж байхдаа авсан гутал хувцсаа хэрэглээд шинийг авчихаж ч чадахгүй хоёулаа. Хүүхдэдээ бүхнээ зориулна. Хоолоо даагаад, өрөө төлөөд таардаг байлаа. Өмнөх бичлэг дээр бичсэнчлэн би энэ бүх амьдралаараа бахархдаг л даа. Одоо юунд бухимддаг вэ гэхээр, намайг сур сур тэрний төлөө хамтдаа гүрийцгээе гэж нөхөр яагаад хэзээ ч хэлж байгаагүйн болоо гэж... Ингээд миний карьер дуусах нь энэ үү... Ингээд би багаас мөрөөддөг байсан ажил хэрэгч биш гэрийн эзэгтэйн амьдралаар амьдардаг болох нь энэ үү гээд хямарч өгчийнө дөө.
Эргээд миний хувцаслалт руу оръё. Одоо би юу өмсөж байна гээч... Би хүүхэд зөөгөөд алхсан ч, машин барьсан ч амар гээд намхан гутал өмсөхийг илүүд үзсэн. (Өдөрт 4 явдаг ирж очдог учраас) Ийш тийшээ адаглаад үр хүүхдээ дагуулаад амралт зугаалганд нь явах, хөдөө гадаа явахад амар юмуу гээд шуудай шиг цүнхтэй болж авсан, өнөөх сайхан цүнхнүүд тоосон даруулж хэвтээский, байнга өмд подвольк өмсдөг болсон, өндөр өсгийтүүд платье, юбканууд хайрцгандаа мөнхөрч, ажил хэрэгч хувцас цөөрсөөр, харин бугуйвч их авах дуртай болсон, арьсаа хамаагүй илүү арчилдаг болсон ер нь тэгээд ажилгүй байгаа хүний арьс гоё болоод ч байгаа юмуу дөө мэдэхгүй... Яахаа мэдэхгүй сонголтын өмнө тулаад бүр дэргэд нь ирэв бололтой...

2 comments:

  1. Минийхээр бол гэртээ суудаг нь алдаа болж гэж бодогдож байна. Өөрийг чинь бас сургуульд орох үед ээж чинь ажлаасаа гараад харж хандаагүй биз дээ. Тэглээ гээд чи муу хүн болоогүй шүү дээ. Тиймээс хүүхэддээ итгээд өөрөөр нь бие даалгах хэрэгтэй байсан болов уу даа. Хүүхэд чинь бас бие хүн, өөрөө ганцаараа бие дааж хийэ үзэж байж биеэрээ мэдэрч байж нийгмийн амьдралд суралцана шүү дээ. Нэгэнт ажлаа орхиод гэртээ байчихаар нөхрүүд тэр байдалд илүү дуртай болчихдог шиг. Манай нэг эгч яг л чам шиг байдалд орсон, эргээд харахад харин ч хүүхэд нь байнга зөөлгүүлсээр байгаад ирж ав энэ тэр гэсэн даварсан байдалтай, нөхөр нь ажлыхантайгаа гарч ороход дургүй, нөхөр хүүхэд хэн хэн нь ээжийгээ эхнэрээ ажлуулах дургүй, гэртээ ирэхэд хоол унд бүх юм бэлэн, ажил хийхгүй болохоор эхнэр олон хувцас хунар авч гэрийн эдийн засгаас хороолцохгүй гээд л, өөрөө ч ажилдаа орсон ч ахисан юм байхгүй. Өөрөө энэ байдлаа тоохгүй бол хамаагүй л дээ. Гэвч өөрчлөе гэж байгаа бол эртхэн аль нэг шийдвэрээ гаргаад урагшаа! Учиргүй амжилт гаргаад л албан тушаал ахиад гүйх гэж зүтгэх нь хаашаа юм хамт олонтойгоо байх, өөрийгөө сорих, ажлын ачаалал болоод гэр бүлээ аль алийг нь аваад явдаг ажил хэрэгч, сайн эзэгтэй байж чаднаа.

    ReplyDelete
  2. харин тиймээ, тэр үед ажил нэг л бүрхэг болоод, дээр нь эрүүл мэндээ бодоод гарчихсийн... хэзээ нэг цагт ажилд буцаад орно гэж дандаа боддог ч, бараг ажлаасаа гарсны дараа л хоцрогдсон юм шиг мэдрэмж төрсөн. хүмүүс яг хоёр талтай ярьдаг юм билээ. зарим нь зүгээр зүгээр 1-р анги чухал, зарим нь ажил чухал гээл. за яахав би чухал 1-р ангийг ч зүгээр өнгөрөөгөөгүй, ажлаа ч хаяагүй хүн болно доо заавал гэж бодож байгаа. харин энэ намар хийх олон сонголт байна аа, ирээдүйгүй ажилд орсноос жаал сурч авах нь дээр ч юм шиг. нөхөр бол ажилд ор ор гээд шахдгийн, харин би л жаахан өөртөө итгэлгүй юм сурахгүй бол болохоо байсан юм шиг санаал...би ч ер нь нилээн шаардлага өндөртэй л дөө, хүмүүст ч өөртөө ч...

    ReplyDelete