Friday, July 5, 2013

Би сурагч үедээ илүү хайртай

Тиймээ бүр хамгаас илүү хайртай. Бүр ангийнхныгаа санаад байдаг юм. Яг тэр ангид "в" гэсэн бүлгийн дор арвын арван жил сурсан. Ийш тийшээ шилжээгүй, анги холилдож сүлэлдээгүй, дээш доош үсрээгүй манай ангийнхан тэр чигээрээ нэгээсээ явсаар байгаад гурван багшийн нүүр дамжиж төгссөн. Яг л 80-аад оныхон шиг, арван жил минь гээд уяртал дуулмаар...


Зарим ангиуд шиг сонгон энэ тэр гээд хооронд нь холиод сүлээд, багш нар нь солигдож шилжээд, янз янзын юм үзээгүй л дээ, бага ангийн ганцхан багш, том ангийн нэг багш маань 7 хүргээд өөр сургуулийн захирал болоод, өөрийнхөө эхнэр багшид биднийг үлдээгээд, бид арваа төгссөн.
8 төгсөөд шигшихдээ 10 хүүхэд орж чадаагүй 25-уулаа орж чадсан, бид 25-ыг юу гэж тараахав, дээр нь нэмээд хэдэн хүүхэд өгөөд тэр чигээрээ "в"-ээрээ үлдсэнсэн. Тийм болоод л би арван жилийнхэндээ оюутан ангийнхнаасаа ч илүү хайртай, дотно байдаг юм.

Хамгийн чухал зүйл юу гэвэл тэд л намайг яг таг байгаагаар минь ойлгож, чин сэтгэлээсээ харьцдаг. Ёстой л нөгөө хар багаасаа нийлсэн хүмүүс ах дүү шиг ижилдэн дасахгүй байхын аргагүй л дээ, арван жил юм чинь. Бие биенээ явуулна, шоглоно, тоглоно, ярина, хөөрнө гээд бүгд чин сэтгэлийнх... Худал хуурмаг юу ч байхгүй...

Харин оюутан ангийнхан маань ямар байлаа, энд тэндээс санаа суусан суугаагүй баагийнууд ирээд нийлсэн. Олны дунд барьц алдахгүйг хэрэндээ бүгд хичээхдээ тийм гэмээргүй муу санаанууд бас гарнаа гарна. Тэгээд хичээл номон дээр бол жинхэнэ амбицлана, арван жилд яадаг билээ, хичээл номоор сурлагаар харин ч нэг амбицлахгүй шүү. Би лав бүгдэд нь хуулуулаад, туслаад, асуусан юманд нь сэмхэн нүд ам гараа оролцуулаад хариулчих гээд хичээдэг, ер нь ч тусалдаг байсан дөө. Өөрөө ч бас эргэлзээтэй тоогоо асууна.

Оюутан болоод ирсэн чинь хотын ганган охидууд хөдөөний охидоо үл тооно, хажууд нь баярхаж гайхуулна, шоу цэнгээн, өмсөж зүүхээрээ уралдацгаана. Багш нар нь ч ямар ч хүйтэн хөндий юм. Нэг автомат робот орж ирээд номоо дэлгээд хөдлөхгүй зогсож байгаад тачигнатал хичээл заачихаад бушуухан зайлъя гэсэн шиг гараад явчихдаг хичнээн ч багш байв. Гэвч ганц нэг гайгүй багш байсаан байсан хөөрхий минь. Би хэдэн даруухан хөдөөнөөс ирсэн голдуу охидтой найзалдаг байлаа. Тийшээ явахаар юунд суух вэ, ийшээ явбал яаж явах вэ гээд надаас дандаа асууна, би мэдэхгүй гэнэ. Чи чинь одоо хотын хүүхэд мөн юмуу биш юмуу гээд тэд намайгаа гайхнаа. Аргагүй л дээ би чинь хөдөөний хотынх байсын байлгүй, гэр сургууль, гэр сургууль гэдгээс өөр маршруттай байж үзээгүй дэндүү даруухан байлаашд. Оюутнууд их хөзөрдөнө, хөзрөнд би дургүй. Заал их авна, би тоглож чадахгүй ч найзархаад явдаг л байсан, гэхдээ л ...

Арван жилд тэгээд адилхан нэг хонхрынхон юм чинь баярхаж ядуурхсан юм ер гарахгүй. Муу муудаа дээрэлхэх зан манай ангид лав байгаагүй. Нэг нэгнээ өмөөрнө гэж жигтэйхэн, яг олон хүүхэдтэй айлын ах дүүс биесээ өмөөрөөд шуугиж байгаа шиг. Шоу цэнгээн бүр байгаа ч үгүй. Үсрээд л хөгжим авчирч анги дээрээ орилуулна. Дуу хуур, дуртай хамтлаг дуучнаа харин ч нэг чалчиж өгдөг байж. Оюутан байхдаа лав би тэгтлээ дуу хууранд дурлаад, яриад гүйгээд байснаа санаддаггүй юм.
Арван жилд бие биедээ сайн болохоор их хөөрхөөн. Нэг нэгнээ хараад л, хөвгүүд нь бол охидоо өднө, нэг бол бараадаад л явна. Юуг ч бодох санах юмгүй сайхан үе байжээ. Харин захиа энэ тэр бол бичихээ больж эхэлсэн үе юм шигээ. Мэр сэр захианууд байсан нь ер нь 80-аад оныхны сүүлчийн үлдэгдлүүд байсан юмуу даа. Би чинь 90-ээд оны сурагч шүү дээ. Өнгөрсөн намар сургуулийн ой болоод над руу ангийн охин утас олчихсон залгаад ярихад би хичнээн баярлаваа. Шууд л очно гэж бодсон, очсон. Ангийнхан минь, нөгөө ангийнхан минь, багш нар минь бүгд хэвээрээ хөгшрөөгүй л санагдсан. Болдог бол ойр ойрхон уулзаж баймаар, даан ч ажил төрөлтэй хүмүүсийг ажилгүй би уруу татаад байлтай биш. Тэгээд ч охид ер нь ирэхгүй юм байна лээ, айлын эр хүн, аав болсон хөвгүүд рүү уулзъя гээд утас цохиод байлтай биш, уулзлаа гэхэд олон харчуултай ганц эмэгтэй уулзалтай биш гээд нэрэлхээд чаддаггүй юм. Найз охиноо дагуулаад очие гэхээр тэр ердөө явдаггүй юм. (учрыг нь дараа бичнээ)

Наадах цаадахаа бодоогүй, дур зоргоороо шувуу шиг дүрсгүйтэн нисэн бууж нисэн бууж, инээж хөхөрч, баясч, хөөрч явсан тэр үедээ дахиад нэг очихсон. Одоо заримдаа бодохоор тэр үе минь аз жаргалтай кино шиг л бодогддог юм. Ийм хурдан цаг хугацаа өнгөрнө гэдгийг хэн ч тэр үедээ мэдэрдэггүй ажээ...

No comments:

Post a Comment