Friday, July 5, 2013

Хаана юу хийж явдаг юм бол доо

Тэрнийг Одбаяр гэдэг байсан. Бага ангидаа тэр бид хоёр гэрийн зүг нэг болохоор байнга хамт явдаг, охин голдуу олон хүүхэдтэй айлын бага байлуу, багын дээдэх байлуу. Жижиг бордуу царайтай, тайрмал үстэй даруухан чимээгүйдүү охин байсан. Тэгээд 4-р ангидаа шилжээд явчихсан.


Жаахан байсан болохоор хаашаа яагаад шилжсэнийг мэдээгүй, тэгээд өнгөрсөн. Том болохын хэрээр хаана яаж явдаг болоо, хүнтэй суусан байх, ямаршуу амьдарч байгаа бол, хэцүү амьдрал туулаад зовж яваа юм биш байгаа, эсвэл бүр мундаг гадаад дотоодгүй аялсан ганган чамин мэдлэгтэй хүүхэн болсон болов уу зэргээр дандаа боддогсон. Одоо ч гэсэн үе үе санагддаг.
Бас нэг багын гудамжны найз минь сураг сонсогддог хэдий ч яг таг сүүлийн хэдэн жил чимээ тасарсан. Бас л тэгж боддог байсан, харин намар сургуулийн ойгоор сургууль дээрээ таарч, бас фэйсбүүкээр хайсаар байгаад сургийг нь гаргасан даа.

Ангийнхаа зарим охидыг бас ямаршуу яваа бол доо гэж бодноо. Манай ангийн даргад үхтлээ дурласан, анхны хайраа өгсөн даруухан мөртлөө их зоригтой охин байж билээ. Уйлж дуулаад хайраа илэрхийлж бөөн юм болсон, анги дээр цийлэгнэсэн нүдээр тас ширтээд суучихдаг. Гэвч төгсөөд 3 жилийн дараа уулзахад тэр гэдсэндээ маматай болсон байж билээ. Түүн шиг анхны хайрандаа хүчтэй шаналж, түүнийгээ илэрхийлж, ухаангүй дурлаж явсан охид ер нь байгаагүй дээ. Харин тэднээс түрүүлээд тийм амар амьдрал зохиож байгааг нь харахад итгэхийн аргагүй санагдаж билээ, магадгүй хайраа мартах гэж зориглосон ч байж болох. Тэр яагаад ч юм надад их таалагддаг, даруухан, сурлага сайтай, дотно санагддаг байж билээ. Тийм болохоор тэр хаана юу хийж яваа бол гэж одоо ч боддог.  Ангийнхантайгаа уулзахдаа түүний тухай дурсаж ярьсан, гэхдээ сураг гараагүй.

Хөдөө тосгонд зун болгон очдог байв. Тэнд нэг охинтой бас л дотносож найзууд болсон. Би эгчийндээ амарч байгаа хүн, эгчийн хоёр охинтой, эгчтэй нийлээд гэр орноо янзалж, хоол хийхэд нь туслахаас өөр ажилгүй. Харин тэр аав ээжийгээ ажилдаа явсан хойгуур дүү нараа харж, талхаа барих юмуу мантуу хийдэг, дээр нь ногооны талбайнхаа зэрлэгийг зулгаадаг, усанд явдаг, гэрээ цэвэрлэдэг, хоолоо хийдэг. Гэсэн ч оройдоо надтай нөхөрлөх зав гаргаад гараад ирдэг, хүүхэд болсон хойно оройтож загнуулаад, маргааш гарах эрхээ хасуулдаг байж билээ. Сумынхаа нэг л охинтой өрсөлддөг онц сурлагатан тэр охин сүүлд сонсохнээ сургуульд лав явж чадаагүй юм шиг байсан. Тэр үед утас шөрмөс байсан биш, ахынх нүүгээд сураг тасраа. 20 гараад хүнтэй сууж хүүхэдтэй болсон сонсогдсон. Холбоо харилцаа хомсхон байх хүүхэд насанд минь таарсан, хир буртаггүй чин сэтгэлийн найзуудаасаа би ийнхүү хорвоогийн жамаар сураг тасарчээ. Ингээд бодохоор тийм үед амраг хайртаасаа хувь тавилан, салаа замын эрхээр хагацаж салах нь ч амар байсан юмуу дөө. Хаана яажшуухан амьдарч явдгийн бол доо, тэд маань, адилхан бүсгүй хүмүүс юмсан...

No comments:

Post a Comment