Sunday, July 14, 2013

Унаач хүүхдүүд мундаг юм

Хүү минь морь үзээд унаач хүүхдүүдийг тамирчид гээд бодчихжээ. Мундаг тамирчин хүүхдүүд л морь унаж уралдаад байгаа, морийг нь харин хаанаас авдаг, хэний морь юм бол гэж ойлгож. Тамирчдаас дутуугүй хөдөлмөр, ухаан хоёр зэрэг гаргадаг тэр жаахан хөвгүүд үнэхээр мундаг шүү. Хийхийг нь тэд хийж, гавъяаг нь эздүүд томчуул маасайгаад хүртдэг... гэж уншсан өгүүлбэр маань бодогдоод болдоггүй.

Ийгл тв-ээр унаач хүүхдээс ирсэн захиаг уншиж үзүүллээ. Өглөө босоод мориндоо тэжээл өгдөг, тэдэн цагт хичээлдээ явдаг, орой ирээд тэгдэг тэгдэг гээд дандаа морьтой холбоотой ажлууд. Ингээд хичээл сурлагаараа их хоцордог, орой 19 цагт харьдаг, энэ бүгдэдээ сард 150 мянган төгрөгийн цалин авдаг гэх мэтээр. Бас нэг газраас унаач хүүхдийн шагналын цүнхэнд юу байдгийг харуулсан фото харсан.

Би бүгдэд туйлшрах гэсэнгүй. Хийхийг нь тэд хийдэг ч, яаж хийх ухааныг томчуудаас суралцаж буй болохоор буруудаад байх юм байхгүй. Захианд хэлснээр бол хичээлийн хажуугаар тэгдэг бол хэцүү л юм, гэхдээ хөдөлмөрлөж байгаа нь буруу ч юм биш, хажуугаар нь харин хичээлээ орхигдуулаад байгаа нь харамсалтай. Тэр шагналын цүнх ч гэсэн, ном дэвтэр хичээлийн хэрэгсэл, чихэр печень байсан болохоор надад нэг их муухай санагдсангүй... Дээхэн үед мөнгөн аяга өгдөг байсан гэсэн, тийм байвал бас зүгээр юм.

Ингэхэд унаач хүүхдийг яагаад алдаршуулж болохгүй билээ. Энд тэнд тэмцээн уралдаанд түрүүлсэн хүүхдийг нэр ус, медальтай нь зарладаг шүү дээ. Би лав нэг ч унаач хүүхдийн нэрийг байгуулсан гавъяатай нь мэдэхгүй юм. Монгол Тулгатны 100 эрхмээр Буд гуай хэлэхдээ, өөрийн хүүхдээр морь унуулж байгаа уяач хөдөө байгаа байх, хотод бол бараг байхгүй шүү гэж байна лээ. Гэхдээ Онон уяачын нэг хязааланг ач хүү нь унаж байна гээд бүх сувгаар тайлбарлагчид сүртэй тайлбарлаж байсан, надад ёстой сайхан санагдсан. Тэр хүү 10 хавьцаа орсон. Бас нэг хүү мориныхоо хөл нь доголсон байхад бууж морио хөтлөөд заавал барианы зурхайгаар алхаад орж ирж байсан хөөрхөн зураг фэйсээр тарж, олны өхөөрдлийг татсан байсан.
Ядахдаа үзүүлэлтээрээ эхний хэдэд орохоор олон айраг түрүүнд ирсэн унаач хүүхдийн нэр алдрыг бүгдээрээ мэддэг болмоор байна. Хүүхэддээ ч урамтай юм. Алдар нэрээр булахгүйгээр зүгээр л мэддэг баймаар. Тэд онгирч сагсуурахгүй байх өө, дээрээ мундаг уяач, ахас ихэстэй хүн, эвдрэхгүй байх. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орсон Даваахүү уяач хэлэхдээ, "уяач, морь, хүүхэд гурвын бүх зүйл цогцоороо бүрэлдээд зүүний үзүүр дээр шар будаа шиг тогтсон цагт морь хөнгөхөн түрүүлээд ирдэг" гэж байсан. Харин тэр чухал зүйлийн нэг хүүхдийг ямар гавъяатайг уяачид өөрсдөө л мэддэг байх. Бас тэр морь бахардах, хадуурах, унах, гэмтэх, хожигдоход хүүхэд ямар ч буруугүй, ганцхан уяач л буруутай гэсэн. Эрч хүчтэй, хар хурдаараа давхисан, хүчтэй омголон морьдын нуруун дээр тогтон, тэр холоос уралдаад ороод ирж байгаа бяцхан хүүхдүүдийг харж л нилээн уярч, огшлоо. Өвөл морь уралдахад харин ёстой томчууд өөрсдөө унаж уралдмаар шүү, хөөрхий бяцхан хүүхдүүд... 

No comments:

Post a Comment