Wednesday, September 25, 2013

Байдал өөр тийшээ эргэв

Жаахан хэцүү юм болсоон. Би утсаа авахгүй гүрийгээд л байлаа. Хагас сайнд ч, бүтэн сайнд ч. Хоёр дахь өдөр боллоо. Бас л гүрийлээ. Тэгсэн нэг л совин гялс татаад, охин ч аавтайгаа яримаар байна гэхээр нь яриулдаг юмуу гээд яагаад ч юм залгаад өглөө. Охин ярьж дуусмагцаа "эмээ өвдөөд аав эмнэлэг дээр байна гэнээ, үүдэнд нь хүлээгээд сууж байгаа гэнээ" гэлээ. Тэгээд яах учраа олохгүй хэсэг болов. Өглөө эрт болохоор эмнэлэгээр явж байгаа юм боловуу эсвэл түргэн аваад ирсэн юм болов уу гээд янз бүрийн юм бодлоо.

Ээж даралт өндөртэй, одоо бараг тэрэндээ дасчихсан юм шиг эмээ уугаад л явж байдаг хүн л дээ. Дээрийн миний гомдлоос хойш нөхөр угаасаа дүүтэйгээ хөдөө явна гэж байснаараа явсан. Ирээд хоёр хонож байсан, нөгөө аавынд юм хийнэ гэж бүр анх очсон доо, тэрийгээ хийх гээд шууд тэднийд очоод хоёр хонож байсан юм байж.
Тэгээд байж байсан нөхөр дахиад залгалаа, авч зүрхэлсэнгүй. Шууд дараа нь манай өөрийн аав залгав. "Ээж даралт нь ихсээд шөнө эмнэлэгт түргэнээр ирсэн. Одоо арай гайгүй, орой бол юм ч ярьж чадахгүй байсан, дуулгая гэж бодоод ... руу залгасан чинь утсаа авахгүй байна" гэж нөхөр аав руу хэлснийг нь аав дамжуулаад чи ямар ч байсан оч гэв.

Би өөрийн ээж рүүгээ ярилаа, ингэлээ би яах вэ, юу авч очих вэ гэж. Аминдаа дэм хүссэн хэрэг. Ээж ямар ч байсан давс багатай шөл цай хийгээд хурдан оч, хоол илүүдэх биш гэлээ. Ээж аав гэдэг ямар ч түшигтэй юм, ээж тэр дор нь л "юм ярьж чадахгүй байсан бол бараг харвачихсийн биш үү, одоо тэгээд гайгүй гэнэ үү, яанаа үхэх нь байна ш дээ, ... тэгвэл яг сахиж байгаа юм байна, сэхээнд шууд орсон байх, одоо харин яасын бол" энэ тэр гээл аргагүй л илүү оймс элээсийн болохоороо дор нь дүн шинжилгээ хийж, надад анхны мэдээлэл өгч, сэтгэл зүйг минь нэг ёсондоо бэлдээд авлаа. Хоол цайгаа бариад хэн рүү ч залгалгүй шууд очлоо. Очсон дүүгийнх нь машин гадаа байнаа, нөхрийгөө тэнд байгаам байна гэж ойлгоод залгаад ээжийг хаана байгааг асуугаад хамт орох юмуу гэсэн тэгье гээд машинаасаа буугаад ороод ирлээ. Дээшээ хамт гарлаа. Дуу шуу муутай, юм ч ярихгүй, хөдөө явсан болохоор хүрлийсэн хар юм байна. Ормогц ээж үг дуу ч үгүй шууд миний гарнаас зуураад өөр рүүгээ татаж, энгэртээ тэврээд уйлаад уналаа. Би ч яаж тэсэхэв дагаад л уйллаа, юу ч дуугарахгүй хоёр юм уйлаад л байлаа. Хажуу хавийн эмээ нар сахиурууд нь гайхсан байлгүй.

Тэгээд л хоол цайгаа гаргаад хийж өглөө. Давс багатай цай өтгөрүүлсэн шөлийг минь уулаа. Өглөө нэг хүн бууз авчирч өгсөн, аймар шорвог гээд манай нөхөр ч идээгүй саванд байна. Нөхөртөө ч хоол цай өглөө. Ээж 2,5 мм гэнүү харвалт өгсөн, нэг үнэтэй тариа авчраад хийж байгаа, тэр нь бараг шимэгдүүлчих байх гэсэн гэнээ. Тэгээд хөдөлгөж болохгүй, сахиуртай байлга гэж.

Зайлуул 1 дэхэд ажлаасаа тарж ирээд юм хум индүүдэж шалаа угаасан гэнэ. Оройхон муудаад нөхөр түргэн дуудсан (тэр хоёр л байж) ашгүй 10 минутын дараа давхиж ирж. Туршлагатай настай эмч байж таарч, шууд эмнэлэгийн сэхээнд ирж. Нөхөр дүүтэйгээ шөнөжин эм тариа гэж явсийм шиг байна. Өглөө хамаг ах дүү нар нь ирж байж байгаад явцгаасан гэнэ. Би ч байгаа зүйлс, алчуур сэлтийг нь гүйлгэж харчихаад, ойр зуурын юм ярьчихаад, нөхөртэйгөө гарлаа. Машинаа замын цаана холхон тавьчихсан намайг машин хүртэл хүргэж өгсөн. Замдаа харин зогсоо зайгүй тэгсэн ингэсэн гээд ярьж байна. Би ч юу ч хэлэлгүй биеийг нь асууж ярьчихаад хамгийн сүүлд нь "хямраад л яваад байсан байлгүй угаасаа, чи та нар ийм хэнэггүй, та нарыг хэнэггүйтээд мангартаад явж байхад чинь хайртай хүмүүс чинь ингээд нэг нэгээрээ алга болдгийн за юу" гэж уйлан алдаж хэлчихээд суугаад явчихсан. Машинаа асаагаад хөдлөхдөө нэг харсан чинь, нөгөө л нэг харц, нөгөө л нэг төрх, бага насны минь дурсамжинд л байдаг нэг тийм төрх ширтээд зогсож байснаа харц буруулж эн тэр... Үнэндээ ээж нөхөр хоёрыг учиргүй өрөвдсөн л дөө. Аав дүү хоёр нь ажилтай гэнэ. Энэ хоёр нь төстэй ааштай дүлий дүмбэдүү дээд зэргийн хэнэггүй харчуул, харин ээж нөхөр хоёр төстэй, хөдөлгөөнтэй хүний төлөөдүү, нэг тийм халуун сэтгэлтэй хүмүүс л дээ.

Өчигдөр өдөр дахиад очихдоо гар нүүрийн алчуур, нойтон салфетка, хуурай идэх юм, тараг, хоол цай аваачиж өглөө. Ээж мэдээж зарим юм хумаа санахгүй ч юм шиг гайгүй ч юм шиг тиймэрхүү л байна. Мэдээж яаж хэвийн биш байх вэ дээ. Хөөрхий тэгээд охин хүүхэдгүй юм болохоор бүр нөгөө гурваа дагаад эршүүд болоод арай дэндүү өөрийгөө хаячихсан. Намайг ямбатай гээд байдгийн, ккк. Миний ямба ч гэж юу байхав, өөрийг нь бодвол арай эмэгтэйлэг болоод тэр. Би угаасаа хүнд юм өргөх, нааш цааш чирч гулдрах, юм хум тогтоох энэ тэрд юу гэж хөдлөхөв, хөдлөнө гэсэн програм ч байхгүй, хар багаасаа аав дүү ах гээд гурван эр хүн миний дээр доор хажууд байлаа шд. Тэр байдал л ямбатай харагдуулдаг байх, тэрнээс би чинь ор дэрэн дээрээ хэвтээл хүн амьтан зарж байдаг хүн биш шүү дээ. Нөгөө гурван мангар хар юманд заримдаа уур хүрнэ, чаддагаараа тэгээд нөхөртөө л хэлэх биш, нөгөө хоёрт хэлвэл ээж бараг өөрөө өмөөрөх янзтай юм байна лээ. Эмэгтэй хүн хүн бүрт хайр гэрлээ цацруулж суух ёстой гэдэг, ээж яг тийм. Даанч нөгөө хоёр нь, за манай хүн ч бараг ялгаагүй тэгэх ёстой гээд програмчлагдсан байдынмуу хаашаа юм.

Өчигдөр манай нөхөр овоо дуу шуутай болчихож. Үнэн зүрхнээсээ айсан байх, бас намайг очихоор баярласан ч байж магад. Орой очиж солигдоё гэсэн чинь өөдөөс яахын яахын харин наад хоёроо аваад хүрээд ир гэхээр нь би хоноё сахия гэж нэг их хүчилсэнгүй, ингэж хүн амьтан сахиж, ээжийнхээ төлөө яваг юм үзэг гэж бодоод за л гэлээ. Нөгөө хоёрыгоо аваачиж тэдэнтэй уулзуулчихаад, хадам аав ирсэн байсныг нь бид гурав гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ. Дүү нь гэж 30 хүрч байгаа залуу шөнө доогуур нь өвдөөд нойргүй хоносон, эмчид үзүүлнэ, шинжилгээ өгнө энэ тэр гээд ажлынхаа бус цагаар завгүй яваад байгаа гэхээр нь би "Битгий ээжийн хажуугаар зэрэгцээд маяглаад бай гэж загнаач" гээд шургаад. Нөхөр тэгсэн "аминдаа хайртай юм чинь хэлсэн ч явахын байгааз би амарч байгаагаараа сахия, харин хагас сайнаас нэг хонуулнаа" гэнээ.

2 comments:

  1. Egzeg ni taaraad hetsuu yum boljee. Eejdee hool tsai ogood heregtei yimaa uguud bas sahiad te. Gehdee nohroo guigaagui bhad gertee eej hetsuudlee geed ooroo guigeed bitgii ochooroi. Nohor yum uzeg. Hun halamjilna gedeg chin setgeltei hunii hiideg ajil bolohiig oilgoj avag. Hetsuu ajil gedgiig. Odoo torson eejee halamjlangaa uhaan suuna biz. Eej chin emnelgees garsan ch ochij hool hiij geriigni tseverlecheed aavii daa baigaarai. Zorigtoi. Gol ni nohortoo ooroo uursen achaagaa oilgoh hurtel hatuu bai.

    ReplyDelete
  2. анони - зөвлөсөнд баярлалаа. би чинь угаасаа л гэртээ л байгаа л даа. анхаарал өвчтэй хүн рүү л төвлөрч байна, нөхөр мөхөр, хамаа алга. нэг их юм ярихгүй байгаа. сахих нь ч санасныг бодоход тийм хэцүү биш, ямар хооллож ундална гэх биш, өөрөө идэж ууж чадаж байгаа юм чинь. ээж хөдөлгөөнтэй юм болохоор босч явчих гээд, бараг хөдөлгөхгүй л гэж сахиж байгаа юмөө. тэхээр сахиж л байг гэж бодоод байгаа.

    ReplyDelete