Friday, September 6, 2013

Амьдралын хоёр тал

Автобусанд суугаад явж байлаа л даа. Хоёр талтай юм ажиглагдаж, юм бодууллаа.
Нэг. Очиж явахад хүн багатай байсан. Яг түгжрээнд ороод удаахан явахад кондуктор бүсгүй нилээн удаан охинтойгоо ярилаа. Эхлээд багштай нь ярив.
- Яасан дасах шинж байна уу, уйлаад байна аа. ...Харин би түрүү жил 1.. -р цэцэрлэгт ажилладаг байсын, тэгээд надтай хамт яваад, орой хамт ирдэг байсан тэрэн шигээ бодоод байгаа байхгүй юу... За ярия. (Охинтойгоо ярив)



-Яасан бэ миний охин битгий уйлал даа. (өнөөх нь шууд уйлсан бололтой) Ээж нь байн байн ярьж байна ш дээ. Сайн хүүхэд чинь уйлдаггүй байхгүй юу... Миний охин мундаг том болчихсон юм чинь уйлж болохгүй за... Ээж нь охиноосоо гуйсан шд ээ, ганцхан жил тэвччих, тэгээ л дараа жил сургуульд ороод аниатайгаа хамт хичээлд явдаг болно... Тэгэхгүй бол одоо ээж нь ажилдаа яваад бүр орой ирэхээр чамайг цэцэрлэгээс нь зөөх хүн байхгүй шд... За битгий уйл за... Одоо хоёрхон хоноод ээж нь чамайг очоод авчихна...

Нүдэнд миний охинтой чацуу нэг хөөрхөн охин уйлж буй нь төсөөлөгдөөд энэ амьдрал хэцүү ч юмаа даа гэж бодоод явж байлаа. Кондуктор хүүхэн охиноо 24-ийн цэцэрлэгт өгсөн бололтой. Манай Монголын юм бүхний шүтэлцээ систем нэг л буруу байгаад байгааг би байнга мэдэрч, хааяа учиргүй бухимддаг. Жишээ нь, хүн бүрийн шахуу ажил тарах цаг цэцэрлэгийн цагтай давхцдаг учраас хүүхдээ авахад том хүндрэл болдог. Нэг бол ээж аавууд Австрали шиг үдээс хойш эрт тардаг байх, нэг бол цэцэрлэг нь нилээн орой тардаг, ээлжийн багш нартай байх... Хэрвээ бид цөөхүүлээ бөгөөд өглөөнөөс шөнө хүртэл ажиллаж байж амьдрах ёстой юм бол цалин пүнлүү нь сайн байх, түүнээсээ хүүхэд зөөдөг хүнээ, хүүхэд асрагчаа, өдөр өнжүүлэх төвөө цалинжуулаад хүүхдээ даатгахад хангалттай хүрэлцдэг байх... Эсвэл аавууд нь зүтгээд ээжүүд нь хүүхдүүдээ нааш цааш болгодог байх, мэдээж аавуудын цалин түүнд хүрэлцдэг байх. (Гэхдээ энэ бол миний хувьд бүтэшгүй санагддаг, манай эмэгтэйчүүд бүх зүйлээ хэзээнээсээ зохицуулж ирсэн мундаг улс, гэрийн мухар сахиад сууна гэж нэг их боддоггүй, ихэнх нь л дээ)
Ингээд юм бүгд дандаа эсрэгээрээ байна даа гэж... Хүн амаа өсгөнө, төрөлт нэмэгдсэн азны юм гээд ярьдаг мөртлөө цэцэрлэг сургуулиа олшруулах талаар юу ч хийгээгүй, таг мартчихсан, гор нь одоо гарч байгаа. Тэгээд цэцэрлэг, эмнэлэг бария гэж улсаас "А" гэдэггүй байсан. Цэцэрлэг, эмнэлэг зэрэг том обьект ямар бариад хаячих биш, түүнд ажиллах боловсон хүчин хэрэгтэй (за байгаа байх), гол нь тэднийг цалинжуулах, тэтгэх төсөв мөнгө байнга ундарна. Ийм хар ядаргааны асуудал гаргаж ирж байхаар зүгээр 21 000 тараачихая гээд л тараачихсан байх гэж хувьдаа боддогийн. Бас яаж юмны үнийг өсгөхгүйгээр цалинг хүрэлцэхүйц, эвтэйхэн нэмж өндөр болгохыг эдийн засагчид л хийх байх, миний толгой хүрдэггүйн.

Хоёр. Дээрхээс шал эсрэг дүр зураг. Миний үеийн, дүү ч байж магад, нэг эмэгтэй жирэмсэн, бас шал согтуу автобусанд орж ирэв. Энэ орой харьж явахад л даа. Уг нь гайгүй бүрэн бүтэн хувцас хунар өмссөн ч энд тэндээ шороо болчихсон, архи нэвт үнэртээд, царай зүс нь жаахан эвгүй төрхтэй. Гэрээсээ гараад хэд хоног архидсан юмуу, эсвэл угаасаа үе үе зулчихдаг шинжтэй. Гэдэс нь нилээн том, 5-7 сартай болов уу гэмээр... Би юу бодсоноо бичээд юухэв, та нартай л адил. Энэ бол цэвэр манай хүний буруу л даа... Нийгмийн буруу гэж нэг их хэлмээргүй л байна, энэ хүний хувьд.

Ингээд нэг өдөр ирэх буцахдаа нэг нэг нөхцлийг нүдээрээ харлаа. Хоёулаа зүрх шимшрэм санагдсан. Гэхдээ нэг нь эерэгээр, нөгөө нь сөргөөр.

No comments:

Post a Comment