Monday, September 9, 2013

Хөгширсөн хойноо ийм л болохгүй юм шүү

Сүүлийн үед би хүүхдээсээ л дор орж болохгүй юм байна шүү гэж их бодож байгаа. Эд нар томордог, маниус нь яагаад хоцрогдох ёстой гэж...Юу ч болсон, хэдэн настай ч болсон бай, яаж ч хөгширсөн бай цаанаа под хийсэн ухаантай, арвин туршлагатай болох нь мэдээж. Харин тэрийгээ жинтэйхэн хэлж, түүнийг нь хүүхдүүд нь хүлээж авдаг л байх хэрэгтэй.
Юу юугүй 30 ч хүрээгүй байж, 55-тай ээжийгээ та юугаа мэддэгийн, би мэдэж байна, та ямар зээл төлж байгаа биш, сард хэдийг төлөхийг нь мэдэж яах гээв, танд ямар хамаатай юм, (ганц хоёр үг хэлэхээр нь) ядаргаатай юм чимээгүй болчихооч, үглээд байхын...


Юу вэ энэ одоо хэн болоод ээж рүүгээ том дуугардаг байнаа. Миний мэдэх нэг айлын 30 хүрэх дөхөж байгаа залуу ийм. Аавынхаа өөдөөс арай ингэхгүй, гэхдээ нэг юм хийх талаар ярилцсан чинь, та зүгээр л дуугай байж бай, би хийчихнэ за... гээд л амыг нь таглачихаж байна лээ.

Ёстой ийм л аав ээж болохгүйм шүү. Хийх чадал нь барагдлаа ч, хэлж хошуу нэмэх үедээ харин ч нэг нэмнэ шүү. Энэ бол өөрсдийгөө хүндлүүлж сургаагүй, хоол унд хувцас хунарыг нь бэлдэж бэлдчихээд, хайр хүндлэл хүмүүжил төлөвшлийг таг мартсан айл. Бас нэг чухал юм бий. Аав нь амьдралын төлөө тэмцдэггүй эрхэлсэн гар, ээж нь хэрэндээ тэмцэж, илүү дутуу бичиг баримт хөөцөлдөх, ламдах, үр хүүхдээ сургуульд оруулах, төлбөрийг нь цалингийн зээл авч төлөх гээд бүгдийг жин тан зохицуулдаг. Аав бол ажилдаа явна, ирээд хоолоо иднэ, цалин бууна, бага сага мөнгө ээжид нь өгнө тэгээд болоо. Ээж мөнгөгүй болсон үедээ ааваас нь авна, аав ч гайгүй өгчихнө. Нэг хүү том болоод тусдаа гарах болсон чинь аав огт санаа зовохгүй, ээж л гүйх. Ийм санаа амар аавыг хараад би өөрийнхөө аавтай зүйрлээд гайхаад байгаа юм. Манаач хийдэг, илүү цагтаа хааяа давхар ажил хийнэ, өвөлдөө бол гэртээ зүв зүгээр тв үзээд сууж байдаг. Ээж бас тв их үзнэ, со сериалуудыг хашраана. Мэдээ үзэж байгаа харагддаггүй юм, гадуур дэлгүүр хэсч үзээгүй, хэсэх ч дургүй. Та дэлгүүр явж байгаач захтай бараг адил заримдаа хямд мөртлөө чанартай юм олдоно шд гэхээр үгүй, мэдэхгүй л гэнэ. Үнэндээ дэлгүүр хэсье, ноолуур авъя, эсвэл өөрийнхөө махлаг хэмжээнд таарсан хувцас авъя гээд гарахаар бол аль тийшээ хаашаа явахаа ч бараг мэдэхгүй байх.

Ингэж өөрийгөө гаргуунд хаяж үр хүүхдээ гэж амьдарчээ. Одоо эргээд хөгжиж дэвшиж буй энэ цагийн залуу ээж аавыгаа голж байна. Та хоёр дандаа өнгөрсөн дурсамжаа түүхээ ярьж баясдаг болиоч гэнэ. Залуугийн зөв. Мессэж бичиж сур заагаад өгье гэхээр яршиг өө гэнэ. Ээж нь эмэгтэй л хүн юм болохоороо гэрийнхээ хивсэнцэрийг солие, өөртөө ч юм авъя гээд цалингийн зээл авчиж. Харин аав уурлаад солиулаагүй гэнэ. Нэгэнт зээл авсан, өөрөө ч төлөх юмыг мөнгө үрлээ гэж лав уурлаагүй байх. Харин өө тэр хивсэнцэрийг нь авах нэг ажил, ирээд дэвсэнэ гээд юм хум хөдөлгөх бөөн ажил, болоод байгаагаас цааш гэж уурласан уу яасан. Энэ эмэгтэй нөхөртөө хүүхдүүддээ хамгаас илүү хайртай, өөрийгөө хаячихсан тэгээд үгээр нь амьдарч ирсэн байгаа биз. Уг нь амьжиргаатай сэргэлэн зантай, харин арчаагүй нөхөр нь уурлаад доош дараад байсан бололтой юм. Зах зээлийн үед ийм тийм юм хийе гэхэд нөхөр нь уурлаад хөдөлгөөгүй юм гэнэлээ. Би бол ээж шигээ аав шигээ болноо. Аав гар утсанд хоббитой, андройдтой гар утастай болчихсон wi-fi олдвол өнөөхөө ухаад ном уншаад машины уралдаан, автобус паркладаг тоглоом тоглодог. Та ийм ном унш гээд би Атаархах зүйл үгүй-г татаад өгчихсөн, дараа нь өөрөө Чингис хааны нууц түүхийг татчихсан уншаад байна лээ. Албан бичиг надаар хийлгэнээ л гээд байсан, өөрөө бичгийн цаасан дээр ноороглож бичээд шивээд өг гээд бариад ирсэн. (Дээрх нөхөр бол арай дэндүү анх удаагаа тэтгэвэрийн зээл аваад маягтаа бөглөөд гарын үсэг зурахдаа сандраад салганаад чичрээд байсан гэсэн ) Ээж гэрт дүүгийн хүүхдийг хардаг болохоор хагас сайнд аавтай гадуур гарч, тэр хоёр гадуур хэсдэг. Аав ээжийн уйдааг тэгж гаргадаг. Ээж тв үзэж л байдаг, сериал ч үздэг. Гэдэстэй болоод байна яанаа гээд, гэрийн ажил их хийдэг. Ээж ирснээс хойш би хивсээ арчиж, юм индүүдэж орой аягаа угаахаа больсон. Их шударга, хэний ч амьдралд оролцохгүй, бэрд бүр танайхаар олон хүн орж гарах нь  хөдөө явахдаа юм хумаа түгжээтэй саванд байлгаарай гээл шударгаар зөвлөдөг.

Ер нь би цаг үеэсээ хоцрохгүй, хоцрогдлоо гэж хүүхэддээ ад болохгүй, үг ухаанаараа ямагт хүүхдээ дийлдэг, аятайхан зөвлөгөө өгч, хоорондоо зөвлөлддөг, хааяа хүүхэддээ эрхэлж, үнсүүлдэг танхидуу сайн ээж болохын төлөө өөрийгөө байнга боловсруулнаа. Эмэгтэй хүн гэдгээ харин ч нэг мартахгүй эмэгтэйлэг бөгөөд ухаалаг явсаар үхэх юм шүү.

No comments:

Post a Comment