Thursday, September 26, 2013

Сурах уу байх уу

Юунд ч юм нэг л гонсгор байна. Юунд ч гэж дээ, өчигдөр нилээн урам хугарав. Шантарч байгаа бололтой. Ер нь миний юм сурах нас мөн ч юмуу биш ч юмуу, сурч чадах ч юмуу үгүй ч юмуу. Бүхнийг хаяад ажил олж хийдэг ч юмуу... Мөнгө санхүүгээ бодохоор ажил хийхээс өөр аргагүй. Тэгэхээр зорьсноосоо буцна, мөрөөдөл минь хаягдана. Аягүй бол хэсэг хугацааны дараа мөрөөдөж хүсч явсан юмаа орхисондоо сэтгэлээр унаад, стрестээд ч байх юм болов уу.


Мэдэхгүй ээ. Тархи толгой ч ажиллахаа болиод, орой ямар их ядарч орж ирвээ. Зам зуур баруунаар, зүүнээр дайрч орж ирэх түрэмгий машинуудтай үзэлцсээр байгаад ядарч орхилоо л гэж бодлоо. Ойрын хэдэн өдөр тасралтгүй машин бариад л ингэж хамаг энергээ бараад ирэв үү дээ. Машингүй өдөр ч заримдаа сайхан байдаг шүү. Маргааш ч гэсэн машингүй автобусаар явнаа яадгийн, хүнд цүнх үүрэх нь л тийм байдаг болохоос. Иймээ тиймээ давхар ажилгүй, хичээл гэр хоёрын хооронд явахад ч автобус дажгүй л дээ. Суугаад авбал илүү тохитой. Шахалдвал бүтэхгүй нь мэдээж.

Олигтой ахиц гарч байгаа ч юмуу бүү мэд. Мэдрэхгүй ч байгаа юм шиг, мэдэгдэхгүй ч байгаа юм шиг. Тэрийгээ мэдрээд гэртээ давтаад байя гэхээр залхуу хүрээд байгаа ч юм шиг, халгаад ч байгаа юм шиг. Сэтгэл санааны байдлаас болоод тэгээд байгаа юмуу, нэг л хийх дур хүрэхгүй байх чинь. Нэгэн үе үнэхээр дурлаад, баяр хөөртэй нь аргагүй давтдаг л байлаа. Хамгийн гол нь яг одоо хичээлээ хийхдээ бүхнээ санаад, хамаг ном дэвтрээ хаагаад жирийн байгаа үедээ эргээд санах юм алгаа. Үзээд байгаа юмаа хэрэглэж сурах хэрэгтэй байна. Нээх бодож модохгүй, шууд ус цас шиг урсгаад өгмөөр байна, миний дотор уг нь хэмжээндээ таарсан ус цас нь байгаа юм шүү дээ. Тэр ус цас чинь ярих гэхээр урсаж өгөхгүй, бичихээр толгой ажиллаад гараад ирж байгаа юм даа. Яасхийдэг юм билээ...
Ингээд бодохоор өөртөө улам уур хүрч, өөрийгөө улам чамлаж байна. Сайхан завтай үедээ сурагч ахуйдаа ч юмуу, хийж сурч байхгүй би үнэхээр муу, үнэхээр залхуу, тэнэг хүн юмаа.

1 comment:

  1. Сур сур бас дахин сур. В.И.Пиглет

    ReplyDelete